Канад улсад ирэх дөрвөн жилд улс орон, ард түмнийг удирдах эрх баригчдыг сонгох санал хураалт даваа гарагт болж өнгөрлөө. Санал хураалтын дүнд Жастин Трюдогийн Либерал нам эрх мэдлээ хадгалж үлдэн, тэрээр Ерөнхий сайдаар улиран сонгогдож байна.
Канад улсын Ерөнхий сайдаар хоёр дахь дөрвөн жилдээ ажиллах Трюдо Монреаль хотод цугласан дэмжигчидтэйгээ баяр, ялалтаа хуваалцжээ. Тэрээр “Өнөө шөнө канадууд сөрөг зүйлс, хуваагдлыг хүсэхгүй байна. Тэд цаг уурын эсрэг тэмцэл, дэвшилттэй яваа хөтөлбөрүүдийг сонгож саналаа өглөө. Бид амьдралыг илүү боломжтой болгож, гудамж талбайгаа буу зэвсгээс цэвэрлэж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ.
Сонгуулийн өрсөлдөөн Трюдо болон Консерватив намын дарга Эндрю Шийр нарын хооронд хүчтэй өрнөсөн. Энэ жил 47 настай Ерөнхий сайдын нүүрээ борлуулж, өнгөт арьстай болсон зураг өнгөрсөн сард Time сэтгүүлд нийтлэгдсэнээр багагүй шүүмжлэлтэй тулгарсан. Тэрээр амьдралынхаа туршид хэдэн удаа нүүрээ бор өнгөтэй болгож хувиргаснаа санахгүй байна хэмээн уучлалт гуйсан юм. Мөн Трюдог авлигын хэргээр шалгаж байгаа энэ цагт багахан саналыг илүүгээр ялалт байгуулж чадлаа.
Гэхдээ Либерал намынхан намд олонхийн суудал авч чадаагүй учир цөөнхийн Засгийн газар бүрдүүлж байна. Үргэлжлүүлэн эрх барихаар болсон Трюдогийн нам Парламентын 304 суудлын 146-д нь ялалт байгуулжээ.
Эх сурвалж: www.cnn.com