Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох “Сэхүүн салхи”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Учралын блюз”, “Урин хавар ирлээ”, “Хослон дуулъя”, “Цасан үлгэр”, “Намрын гуниг” болон бусад олон сайхан дууг зохиосон “Инээмсэглэл” хамтлагийн хөгжимчин, Пентатоник наадмын шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, продюсер, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгионы уран бүтээлийн “Учралын Блюз” тоглолт арваннэгдүгээр сарын 9, 10-нд Корпорэйт-д болох гэж байна.
Хөгжлийн зохиолч Б.Долгионы зохиосон маш олон дуунууд байдгаас энэ тоглолтод дурсамж сэргээсэн, бидний хэдийнээ танил сайхан дуунууд, мөн шинэ уран бүтээлүүд эгшиглэж, түүний найз нөхөд болон Монголын шилдэг уран бүтээлчид хамтлагууд нэгэн тайзнаа чуулах нь ээ.
“Учралын Блюз” тоглолтонд Инээмсэглэл, Ахмадын золбоо, Take off, Киви, Салхи, Сүнс, Уруулын будаг, Улаан бүч зэрэг хамтлагууд болон АЖ А.Долгор, Сарантуяа, Ангирмаа, Оюунбилэг, Сэрчмаа, Наран, Отгоо, Хишигдалай, Зоригт, Нимико, Хишгээ, Наагий, рок Мөнхсайхан, гитарчин С.Оргил зэрэг уран бүтээлчид өөрсдийн болон хослон дуулсан дуугаа эгшигүүлэх юм байна.
Мөн продюсер Наранзун, Долгионы охин ая зохиогч Тэнгисмаа, орос саксофонч Дима Таган нар оролцох бөгөөд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиуны удирдлага дор Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн амьд хөгжмийн хамтлаг тоглолтын турш хөгжимдөж, “4-iam” бүжгийн хамтлаг бүжгийн үзүүлбэр үзүүлэх гэнэ.
Хөгжмийн зохиолч Б.Долгион тоглолтондоо зориулж "Амьдрал найз дээр тогтдог" хэмээх шинэ уран бүтээл туурвисан байна. “Одоогоос 50 жилийн өмнө зөвлөлтийн 3-р дунд сургуульд сурч байхдаа Чулууны Ганболд, Намсрайн Ганхуяг, Мажигийн Энхсайхан, миний бие бид 4 хамтлаг байгуулж байлаа. Ийнхүү "Инээмсэглэл" хамтлагийн үндэс суурь тавигдаж байсан түүхтэй. Энэ үйл явдалд зориулж би энэ дуугаа бүтээсэн. "Амьдрал найз дээр тогтдог" шинэхэн уран бүтээлээ тоглолтын үеэр дуулна” хэмээв.