Японы сүр жавхлант эзэн хаан асан Акихито өөрийн ууган хүү Нарухитод хаан ширээгээ залгамжлуулах ёслол өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр болсон билээ. Харин өнөөдөр шинэ эзэн хаан Нарухито өвөг дээдэс, ард түмэн төдийгүй дэлхийн нийтэд хаан ширээ залгамжилснаа зарлан тунхаглах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг уламжлалын дагуу гүйцэтгэлээ.
Тэрээр ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Япон улсын Үндсэн хууль, Эзэн хааны дотоод хууль дүрэм дэх Тусгай арга хэмжээний журмын дагуу эзэн хааны суудлыг өмнө залгамжлан авсан билээ. Өнөөдөр би эх орон, ард түмэндээ болон гадаад улс орнуудад хаан ширээнд сууснаа зарлан тунхаглаж байна.
Би Үндсэн хуулийг даган мөрдөж, Японы ард түмний эв нэгдэл, төр улсын бэлгэ тэмдэг байх үүргээ бүрэн гүйцэтгэхийн сацуу ард түмэндээ, эх дэлхийд энх тайван аз жаргалыг үүрд мөнхөд хүсч, ард түмний төлөө бодол ухаанаа чилээж тэдний талд байх болно” гэжээ.
Эзэн хаан Нарухитог өргөмжилж, зарлан тунхаглах баярын арга хэмжээнд 180 орчим орны эрхэм дээдэс, язгууртнууд болоод Японы өндөр дээд хэргэмийн 2,000 гаруй зочин уригджээ. Уламжлалт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нийслэл Токио дахь эзэн хааны ордонд болсон юм.
Нарухитог үг хэлсний дараа Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ мэхийн ёсолж хаан эзэн урт наслахыг ерөөн гурвантаа уухайлжээ.
Япон улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Өнөөдөр нийслэл хотод баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хабибис далайн шуурга энэ сарын эхэнд тус улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөнтэй холбогдуулан жагсаалыг ирэх 11 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулжээ.
Харин үдээс хойш олон улсын зочид төлөөлөгчдийн хамт хүндэтгэлийн зоог барин, баярын арга хэмжээ хүлээн авалтаар үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: www.japantimes.co.jp