СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-22

Гэр хорооллын айл өрхийн 65 хувь нь сайжруулсан түлш түлэх зуухгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

-Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт нийтийн байранд ээж, охин хоёр угаарын хийд хордсон хэрэг гарлаа-

Ардчилсан намын зөвлөл өргөтгөсөн байдлаар сайжруулсан түлшинд угаартаж амь насаа алдсан иргэд болон уг түлшийг цаашдаа түлж болох эсэх асуудлаар өчигдөр албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа. Хуралд УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд, АН-ын дэд дарга нар болон Бодлогын зөвлөлийн гишүүд оролцов.

Мөн Нийслэлийн засаг даргын Байгаль орчин хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ Т.Бадрал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө. 

Уулзалтын үеэр хотын даргын орлогч, “Тавантолгой” түлш компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан гэр хорооллын 220 мянган айл өрхийн нийт 65 хувь нь сайжруулсан түлш түлэх зориулалтын зуухгүй байна гэсэн маш ноцтой мэдэгдэл хийлээ.

Мөн угаартаж амь насаа алдсан найман хүний дөрөв нь угаарын хийнээс болж амиа алдсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодруулжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “2019 оны аравдугаар сарын 4-нөөс хойш шахмал түлшинд хордсон асуудлаар нийт 206 дуудлага ирж 549 хүн угаарын хийнд хордож тэдгээрээс найман иргэн амиа алдсан. 199 тохиолдолд хэрэг бүртгэл нээн явуулж байна” гэлээ.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт нийтийн байранд ээж, охин хоёр угаарын хийд хордсон хэрэг гарсан. Угаарын хийд хордсоны улмаас гурван настай охин газар дээрээ нас барж, ээж нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ухаангүй байгаа юм. Мөн энэ сарын 19-20-нд шилжих шөнө 19 өрхийн 52 хүн, үүний дотор 24 хүүхэд 28 том хүн хордсон гэх мэдээлэл өглөө.

Түүнчлэн байна. Хордсон хүүхдүүдийн тухайд ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр мэдээлэл хийв. Тэрбээр “ЭХЭМҮТ 176 хүүхдэд анхны тусламж үзүүлсэн. 168 хүүхэд гэртээ гарсан байгаа. Бүх шинжилгээгээр эрүүл гэдэг нь нотлогдсон. Найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхдийг СЭМҮТ-д шилжүүлэхээр зэхэж байна. Тодорхой хугацааны дараа хүүхдүүдэд ямар нэг шинж тэмдэг илэрвэл ЭХЭМҮТ-д хандаж дахин хяналтад орох боломжтой. Томуугаар өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авахгүйгээр 120 ор дэлгэж хордсон хүүхдүүдийг авч байна. Эмийн төсөв, хүний нөөцийн хувьд илүү цагийн асуудал гарч ирж байгаа” гэв.


Сөрөг хүчний зүгээс айл өрхүүдэд зориулалтын бус зуух байгаа нь том асуудал гэж үзэж буй бөгөөд эрх баригчид сайжруулсан түлш хэрэглэх заалт дээр “Бүх төрлийн зууханд хэрэглэж болно” гэж бичсэнийг буруушааж байлаа. Энэ үеэр ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж “Шөнөдөө угаартсан асуудлаар 2000 дуудлага авч байна. Нэг цагдаа дээд тал нь 168 дуудлага авч байна” гэсэн юм.

Сайжруулсан түлшний барьцалдуулагч технологийг өөрчилж, органик барьцалдуулагчаар хийх технологи руу шилжүүлсэн байна. Хоёр үйлдвэрийг албан ёсоор Тавантолгой түлш компани руу шилжүүлсэн гэнэ. Тавантолгой түлш компани нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компани болжээ. Мөн технологийн өөрчлөлт хийж, 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс болон бусад нүүрсээр хийх технологийг өөрчилжээ.

байна. Улмаар түлштэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлыг нэгтгэж хүргүүлэхээр болжээ. Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Эрдэнэставантолгой, нийслэл, хараат бус, “Эрдэнэс Монгол” ТУЗ-ийн төлөөлөл байгаа аж.

Хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн гишүүд, дарга нар шахмал түлш яагаад иргэдэд аюул учруулж байгаа болон түүний үр дагаврыг арилгах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар холбогдох байгууллагын удирдлагуудаас мэдээлэл авч, энэ тухай өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг нэгдэж ярих ёстой

-Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Одоо бол ниргэсэн хойно нь хашхирахтай адил зүйл болж байна. Тиймээс хариуцлага яригдах ёстой. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг нэгдэж ярих ёстой. Өглөө болгон иргэддээ мэдээлэл өгмөөр байна?

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан: 

-Маш олон төрлийн туршилт явагдсан. Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан. Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханын пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн. Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байрлуулсан байгаа.

Айл өрхүүдийг зуухаа шийдэх болон дээр нь угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-ний дотор шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Шахмал түлшний уутан дээр яагаад бүх төрлийн зууханд ашиглаж болно гэж бичсэн юм бэ?

-Улс оронд үүсээд байгаа олон эрсдэлтэй асуудлын нэг нь энэ утаа. Тэр 500 гаруй иргэдийн эрүүл мэндийн байдал цаашид хэрхэн яригдаж байна. Хордсон хүнд заавал уршиг үлдэнэ. Ялангуяа хүүхдүүдэд. Хордлого тайлаад зүгээр болоод явсан гэж яриад байх юм. Дотор эрхтнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна.

Алдаа гаргасан бол уучлалт гуйх хэрэгтэй. Дараагийн асуудал нь яагаад дуудлага өгөхөөр цагдаа нь түрүүлж ирээд байгаа. Цагдаа нь ирээд иргэний эрүүл мэнд гэхээсээ өмнө худал дуудлага өгсөн үү, ард түмэнд буруу ухуулга таниулга хийсэн үү гэж ард иргэдийг дарамталдгаа болиоч. Иргэд сүүлдээ дуудлага өгөхөөс айж байна. Цагдаа нь ирээд нөхцөл байдлыг шалгах ёстой болохоос иргэнээс байцаалт авах ёсгүй байх. Тодруулга авч болохоос дарамт учруулж болохгүй.

Хотын даргын “Шахмал түлшний талаар буруу ташаа мэдээлэл тараавал хариуцлага тооцно” гэсэн утгагүй мэдэгдлээс болоод хувь хүний эрх чөлөөг хөндөж, төрийн нэр барьж төрийн хувцас өмссөнөөр иргэдээ айлгаж болохгүй. Энэ үлгэр чинь энэ мэт яригдсанаар цаашид хэчнээн иргэн амиа алдах вэ? Та бүгдийн гэр бүл, үр хүүхэд чинь амиа алдахад ингээд налайгаад л, угаасаа өмнө нь хордож байсан, хортой хоргүйг нь шалгаж байна гээд суугаад байж чадах уу. Хүний амь тийм хямд юм уу, өдөр бүр л хүн хордож байна гэсэн мэдээлэл гараад байна.

Үндсэн үүргээ биелүүлээгүй байж худал үнэн халаа сэлгээ хийгээд суух юм. Хордсон иргэд, нас барсан хүний ар гэрт нөхөн олговор олгож байгаа юмуу? Утааг багасгахын тулд бүх улс төрчид ажиллаж байсан ч ард иргэдийнхээ амь насаар туршилт хийж явсан удаа байхгүй байх. Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зууханд ашиглаж болно гэсэн байгаа. Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу.

Иргэдэд буруу өгч болохгүй. Нөхөн олговрыг яаралтай шийд. Бас нэг зүйл байна. Дунд сургуулийн сурагчдыг гэр хорооллоор явуулан галлагааны талаар иргэдэд мэдээлэл хийнэ гэсэн байна. Дүүргүүдийн сургуулиуд хувиар гаргасан байна лээ. Ингэж болох юм уу?

Нийслэлийн эрүүл мэндийн газар, н.Зэндмаа: 

Эмчилгээ хийлгээд гарсан иргэдийг бүрэн эмчлэгдсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн хүний биед гарсан өөрчлөлт, зовиур дээр үндэслэн бүрэн эмчилгээ хийгээд, эмчилгээний үр дүнг холбогдох шинжилгээ үзлэгийн дүнгээр баталгаажуулж байгаа. Тодорхой үлдэцтэй байгаад дахин зовиур илэрсэн тохиолдолд хяналтадаа авч өрхийн эрүүл мэнд, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хаяг, нэртэй нь хүлээлгэн өгч байгаа.

УИХ-ын гишүүн: Я.Санжмятав: Найман хүний амь нас эрсэдсэн байхад үүнээс илүү эмгэнэл гэж юу байх вэ?

Сайд нар нь яагаад ирэхгүй байна. Байгаль орчин, хууль зүй, эрчим хүчний сайд нарт хамааралгүй асуудал юм уу. Дэндүү хариуцлагагүй хандаж байна. Хэний Засгийн газар хийж байгаа нь чухал биш. Хэн ч байсан хийх ёстой. Гэхдээ нэг нь зөв юм хийж байхад Ардчилсан нам эсэргүүцээд л, ард түмэнтэйгээ нийлээд улс төржүүлээд байна гэсэн энэ гажуудалтай зар сурталчилгаагаа болиоч та нар. Яасан их мөнгөтэй юм бэ? Түүнийхээ оронд зөв сурталчилгаа хий. Хотын дарга айлд очсон, гал түлээд сууж байна билээ

. Хэдэн айлд очиж гал түлэв. Нэг айлд баахан телевизийнхэнтэй очоод гал түлсэн бол буруу тийшээ харсан Засаг дарга байна. Тэр мэт айлуудад түлээд яваад байгаа юм уу? Хамгийн ноцтой зүйл бол энэ Засгийн газар, хотын удирдлага буруугаа хүлээсэн сурталчилгаа хийгээгүй. Үүнийхээ төлөө уучлалт гуй л гээд байгаа юм. Найман хүний амь нас эрсэдсэн байхад үүнээс илүү эмгэнэл гэж юу байх вэ? Д.Ядамдоржоо, чи ардын хүүхэд, найман хүн алтан амиа алдчихаад байхад ямар хариуцлагагүй үг хэлж байна.

Дуудлагаас бусад тохиолдол нь өөрсдөө хордсон, өөрсдөө очиж эмчлүүлсэн гэх юм. Бас түлшнээс гадна бензин шатахуунд хордсон гэх юм. Тэр зуух дэлбэрсэн айлд бензин байсан юм уу, амь насаа алдсан гэр бүл бензинд хордсон юм уу? Гэтэл энэ Засгийн газар хүүхэд шиг л ярих юм. Найман хүн тодорхой бус шалтгаанаар амиа алдсан гэх юм, Ж.Батбаясгалан. Цагдаагийн газраас чинь дөрөв нь тодорхой болсон гэж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Айл өрх рүү оруулж байгаа хор уршгаа сайн шалгаач.

Нийт айл өрхийн 65 хувь нь энэ түлшийг хэрэглэх зуух байхгүй байна гэх юм. Тэр 65 хувьд багтах айл өрхөө хордож үх гэж байгаа юм уу? Маш буруу ноцтой мэдэгдэл хийгээд сууж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

Найман хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст хариуцлага тооцно

-Шахмал түлшний ард маш их бизнес явагдаж, маш их мөнгө хуваарилагдсан. Тэр мөнгийг хулгайлсан, буруу хүсэл шуналдаа хөтлөгдсөн хүмүүс эрдэнэт хүний амь хөнөөж байна. Хөрөнгө зарцуулалттай холбоотой албан тушаалтнууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Албан тушаалтнуудыг хүн амины хэрэг хийсэн гэдгээр нь жилийн дараа шоронд явуулна. Хариуцлагаас мултарна гэж байхгүй. Өнөөдөр найман хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст хариуцлага тооцно. Тиймээс бодолтой байгаарай. Хэн нэгэн даргыг хамгаалах юм бол өөрсдийн чинь толгой дээр бууна гэдгийг сануулъя. Бид хариуцлага тооцдог нам шүү гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.