Японы Uniqlo бэлэн хувцасны брэнд Өмнөд Солонгосын телевизэд өгсөн сурталчилгаагаа эргүүлэн татжээ. Иргэд уг сурталчилгааг дайны үед бэлгийн боолчлолд өртөж байсан хохирогчдыг үл хүндэлж, элэглэн доромжилсон хэмээн буруутгажээ.
Uniqlo брэнд шүүмжлэлд өртсөн даруйдаа 15 секундын сурталчилгаагаа БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулахаа зогсоож, албан ёсны цахим хуудаснаасаа буулгасан байна.
Сурталчилгаанд 97 настай загвар өмсөгч Айрис Апфель 13 настай дизайнер Хэрис Рожерстой жаахан охин байхдаа хэрхэн хувцасладаг байсан талаар ярилцдаг аж. Апфель охины асуултад хариулахдаа “би эртний зүйлийг санахгүй байна” хэмээн хариулдаг хэсгийг солонгос хэлэнд орчуулан хадмал бичгээр буулгахдаа “өө бурхан минь, 80 гаруй жилийн өмнө болсон явдлыг би яаж санах билээ” хэмээн бичсэн байна.
Шүүмжлэгчид уг орчуулгыг дайны хүнд хэцүү он жилүүдэд бэлгийн дарангуйлал, боолчлолд өртөж, хүчээр хөдөлмөр эрхэлж байсан хохирогчдыг тохуурхсан үйлдэл болсон хэмээн буруутгажээ.
Компанийн зүгээс “сурталчилгаан дээрх асуулт флийс буюу ноосон материалыг ашиглаж эхэлсний 25 жилийн ойг тохиолдуулсан бөгөөд улс төр, шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй огт холбогдолгүй. Тиймээс олон хүнд таагүй санагдсан сурталчилгааг нэн даруй зогсоохоор шийдсэн” гэж тайлбар хийсэн байна.
Uniqlo брэнд Өмнөд Солонгос улсад 186 салбар дэлгүүрээ нээжээ.
Зарим түүхчид Японы эзэн хааны арми фронтод тулалдаж буй цэргүүдийн хуаранд олон тооны эмсийн хүрээлэн байгуулж, 200,000 орчим эмэгтэйг хүчээр боолчилж байсны ихэнх нь солонгос эмэгтэйчүүд байсан гэж үздэг. Энэ асуудал одоо ч Өмнөд Солонгос, Японы улс төр, иргэдийн хооронд маргаан дагуулсан эмзэг сэдэв юм.
Эх сурвалж: www.theguardian.com