Далай тэнгисийн гүнийг судлаачид дэлхийн хоёрдугаар дайны үеийн тулаанд живсэн Японы нисэх онгоц тээвэрлэгч хоёр усан онгоцыг олсон байна. Эдгээр тээвэрлэгчид Мидвэйн тулаанд живсэн усан онгоцуудын хэсэг юм. Мидвэйн тулаан нь 1942 онд Япон-Америкийн хийсэн агаарын болон тэнгисийн гол тулаан билээ.
Кага нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг өнгөрсөн долоо хоногт олсны дараа ням гарагт Акаги хөлгийг 5,490 метрийн гүнээс олжээ.
Уг тулааны үеэр живсэн ердөө ганц хөлөг Америкийн USS Йорктауныг 1998 онд олсноос хойш дахин илрүүлээгүй байсан юм.
Микрософт корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллены Вулкан Инк компанийн Петрел хөлгийн судалгаан дээр үндэслэн хайгуулын багийн гишүүд хэдэн долоо хоногийн турш эрэл хийсний дүнд Японы усан онгоцуудыг олжээ. Дуу авиа илрүүлэгчтэй усан доор өөрөө явдаг төхөөрөмжийн тусламжтайгаар Кага болон Акаги хөлгүүдийн байршлыг тогтоосон байна.
Дайны үед АНУ-ын армийн ашиглаж байсан Хойд Номхон далай дахь Мидвэй Этолл арлуудад Японы арми Сувдан эрэг дэх Америкийн баазыг довтолсны дараа үргэлжлүүлэн гэнэтийн дайралт хийхээр төлөвлөсөн юм. Гэвч америкчууд тэдний холбоог дундаас нь барьж төлөвлөгөөг илрүүлэн Японы цэргүүдийг 1942 оны зургадугаар сарын 4-ний өдөр ирэхэд отолтод оруулсан түүхтэй. Уг тулаанаар Японы 2,000 цэрэг, Америкийн 300 бие бүрэлдэхүүн үрэгдэж, долоон усан онгоц живсний дөрөв нь Японы тээвэрлэгчид байжээ.
Эх сурвалж: www.bbc.com