Зимбабве улсын Хуанге үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд багадаа 55 заан ган гачгаас болж өлсөж үхсэн байна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгчийн хэлснээр үүссэн нөхцөл байдал гамшгийн түвшинд хүрсэн бөгөөд заанууд идэх хоолгүй болж өлсөж, цангаж үхэж байгаа нь маш том бэрхшээл, асуудал гэжээ.
Зарим заанууд устай газарт хүрэхээсээ ердөө 50 метрт үхсэн байдалтай олдсон байна. Энэ нь заанууд хол замыг туулж ирэн, ус уухаасаа өмнө хүрч чадалгүй үхсэн бололтой харагдаж байна гэж үзжээ.
Заанууд нь Хуанге цэцэрлэгт хүрээлэнгийн ургамал ногоог ихээр устгаж байна гэж байгаль хамгаалагчид үздэг. Тус газарт 15,000 зааныг нутагшуулах боломжтой ч одоогоор 50,000 гаруй заан идээшиж байна. Засгийн газраас ямар ч тусламж дэмжлэг үзүүлдэггүй тул эндэхийн ажилчид худаг ухаж ус гаргахыг оролдсон боловч хөрөнгөгүй учир ажил нь зогсчээ.
Энэ жил ган гачгаас болж Зимбабве улс их хэмжээний ургац алдаад байгаа юм. Мал амьтнаас гадна эдийн засгийн хямралтай зэрэгцэн тус улсын хүн амын 1/3-т нь хүнс тэжээлийн тусламж шаардлагатай байна гэжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр наймдугаар сард Зимбабвийн хоёр сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан юм.
Эх сурвалж: www.bbc.com