Японы сүр жавхлант эзэн хаан асан Акихито өөрийн ууган хүү Нарухитод хаан ширээгээ залгамжлуулах ёслол өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр болсон билээ. Харин өнөөдөр шинэ эзэн хаан Нарухито өвөг дээдэс төдийгүй дэлхийн нийтэд хаан ширээ залгамжилснаа зарлан тунхаглах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ эхэллээ.
Эзэн хаан Нарухитог өргөмжилж, зарлан тунхаглах баярын арга хэмжээнд 180 гаруй орны болоод Японы өндөр дээд хэргэмийн 2,000 гаруй зочин уригджээ. Уламжлалт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нийслэл Токио дахь эзэн хааны ордонд эхэлсэн байна.
59 настай хаан зөвхөн эзэн хаадын өмсдөг үндэсний хувцсыг өмсөж ёслолыг эхлүүлсэн ба хүйтэн бороо орж байгаа ч ард иргэд арга хэмжээг сонирхож хүндэтгэл үзүүлэхээр цуглажээ. Төрийн туг далбаагаар гангарсан иргэдэд Нарухито машиныхаа цонхыг онгойлгон даллаж, инээмсэглэн мэндчилсэн байна.
Хаан эзэн өнөөдөр ордны гурван сүм дуганд орж ёслол үйлдэж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлнэ. Үүний дараа хатан Масако тусдаа ёслол үйлдэн дагалдана. Угсаа залгамжлах ханхүү болон гүнж нар, хааны гэр бүлийн бусад гишүүд, Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй улс төрчид ёслолын арга хэмжээнд байлцана.
Өнөөдөр өдөр 13 цагт хаан Нарухитог хаан ширээнд залах гол арга хэмжээ явагдах бөгөөд ордны танхимд шинэ эзэн хааны ёсоор үг хэлж, хаан ширээ залгамжилж буйгаа зарлан тунхаглана. Харин үдээс хойш олон улсын зочид төлөөлөгчдийн хамт хүндэтгэлийн зоог барин, баярын арга хэмжээ хүлээн авалтаар үргэлжлэх юм байна.
Япон улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Өнөөдөр нийслэл хотод баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хабибис далайн шуурга энэ сарын эхэнд тус улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөнтэй холбогдуулан жагсаалыг ирэх 11 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулжээ.
Эх сурвалж: www3.nhk.or.jp, www.japantimes.co.jp