Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад цасан шуурга шуурч, Увс аймгийн Засаг даргын захирамжаар зарим сумдын хөдөлгөөнийг түр хязгаарласан билээ.
Тэгвэл өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтираа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Увс аймгийн Онцгой байдлын газарт нийт 18 том хүн гурван хүүхэд цасанд боогдон төөрсөн гэх дуудлага ирсэн байна.
Ингээд Увс аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, цасанд боогдсон автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй газарт хүргэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Цагаан Тэсхэн” гэдэг газар /сумаас зүүн зүгт 130 км-т/ иргэн Н /28 настай, эрэгтэй/ 10.21-ний 21:00 цагт малынхаа араас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 02:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 02:43 цагт ангийн байрлалаас хөдөлсөн 60 км зам туулан очиж малчин Н-ийг гэрээс нь зүүн хойд зүгт 14 км-т “Шар унхарга” гэдэг газар байсныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн.
Сүхбаатар, Дорнод аймагт бага насны хүүхэд сураггүй болсон гэх дуудлага өгсөн байна. Ингээд дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа явуулахад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг ерөнхий боловсролын сургуулийн зүүн талд байрлах нүхэнд /хуучин зоорь байсан, гүн нь 3м/ тус сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Г /9 настай, эмэгтэй/ унасан байсныг гарган авсан байна.
Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Хонхор шүүт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ Ц 3 настай, эрэгтэй хүүхэд гэрээсээ баруун зүгт 200 метрт байрлах хуучин өрмийн 3 метр гүнтэй нүхэнд унасан байсныг гарган авчээ.
Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахын зэрэгцээ албан байгууллагууд ухсан нүх зэргийг таглаж, бөглөхийг анхааруулж байна.