Тайланд улсын хаан Важиралонгкорн бага эхнэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, цолыг нь хураасан тухай мэдээлж байна. Зүй бус зан авир гаргасан болон хааны эсрэг үнэнч бус байдал үзүүлж, хатны байр сууринд санаархсан тул арга хэмжээ авсан гэжээ.
Албан ёсны эх сурвалж Хааны эхнэрүүдийн нэг Сининат Вонгважирапакди биеэ зүй бус авч яван хэт их амбиц гарган, өөрийгөө улсын хатан мэт авирласан нь хүндэтгэлгүй хандсан явдал мөн гэж үзсэн тухай дамжуулсан байна.
Хаан өнгөрсөн тавдугаар сард Сутида хатантай ураг барилдсанаас ердөө хоёр сарын дараа бага эхнэр Сининаттай гэрлэсэн юм. Сининат нь нисгэгч, сувилагч, бие хамгаалагчаар суралцсан хошууч генерал цолтой байсан бөгөөд зуун жилийн хугацаанд Эзэн хааны сурвалжит эхнэр цол тэмдгээр шагнагдсан анхны эмэгтэй билээ.
Гэвч хаанаас шагнасан төдийгүй цэрэг армиас олгосон бүх цол тэмдгээ хураалгасан талаар даваа гарагт Royal Gazette сонинд нийтлэгдсэнээр Сининат эзэн хааны хайр ивээлийг хүртэхээ болино гэсэн үг юм.
ВВС агентлагийн мэдээлж буйгаар Сининат нь Тайландын эзэн хаантай ураг барилдахдаа хатны зэрэгт өргөмжлөгдөх хүсэл сонирхолтой байсан ч түүнд хааны эхнэрийн цол тэмдэг шагнасан учир эсэргүүцэл үзүүлсэн байж магадгүй. Сининатын цол, зэрэг дэвийг хураасан үнэн шалтгааныг хэзээ ч олон нийтэд дэлгэн хэвлэл мэдээллээр мэдэгдэхгүй ажээ.
Тайландын хааны өмнөх эхнэрүүд
Тайландын эзэн хаанаар эцгийгээ таалал төгссөнөөс хойш 2016 онд өргөмжлөгдсөн 67 настай Важиралонгкорн олон жил ойр дотно байсан Сутида хатантай ураг барилдахаас өмнө албан ёсны гурван эхнэртэй байсан юм.
Тэрээр анхны эхнэр гүнж Соамсавалитай 1977-1993 оны хооронд хамтран амьдарч байсан бол хоёр дахь эхнэр Ювадида Полпрасерттэй 1994-1996 онд, гуравдахь эхнэр Срирасми Сувадитай 2001-2014 оны хооронд хамтран амьдарч энэ жил Сутидаг хатнаараа өргөмжилсөн билээ.
Тайланд улсад эзэн хаанаа эрхэм дээдээр хүндэлж зүй бус, үл хүндэлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож хатуу шийтгэдэг. Ордон доторх амьдрал олон нийтээс үргэлж далд өрнөсөөр ирсэн.
Энэ удаа Сининатад тохиолдсон явдал өмнө нь хааны хоёр ч эхнэрт тохиож байсан юм. 1996 онд түүний хоёр дахь эхнэр цолоо хураалгаж АНУ руу цагаачилсан бөгөөд дундаасаа гарсан дөрвөн хүүгээ хаан эзэн өсгөхөөс татгалзсан билээ.
Үүний дараа 2014 онд гурав дахь эхнэр Срирасмиг мөн адил цол хэргэмийг нь хурааж, шүүхээс цөллөгт явуулах шийдвэр гаргасан юм. Хаан түүнээс гарсан 14 настай хүүгээ Герман, Швейцарь улсуудад өсгөж байгаа ажээ.
Эх сурвалж: www.bbc.com