СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Төв аймгийн Мөнгөнморьт сум Соёл, спортын цогцолбортой боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Төв аймаг хамгийн олон сумтай (27 сумтай) аймгийн тоонд ордог. Бусад аймагтай харьцуулахад дэд бүтэц сайн хөгжсөн боловч Мөнгөнморьт сумын хувьд хатуу хучилттай замаар төв суурин газартай холбогдоогүй байсан. Аймгийн хэмжээнд хамгийн олон хүн амтай (4000 хүн амтай) сумын нэг. Бод малын хэмжээгээр улсад толгой цохьдог. Түмэн үхрийн баяр хийж байсан ийм үүх түүхтэй сум билээ.

Төв суурин газартай холбогдоогүй байсан энэ сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболдын хүчин чармайлтаар улсын төсөвт замын мөнгө сууснаар бүтээн байгуулалтын ажил хурдтай явагдаж байна. Ирэх оны 10 сарын 30-нд Багануур-Мөнгөнморьтыг холбосон 54км зам ашиглалтад орно. Мөн сум дундын 6км замыг энэ хүрээнд мөн барьж байгуулж байна. 75 ортой дотуур байрны шавыг ирэх онд тавина. Энэ удаад Соёл, спортын цогцолборын нээлтийн ажиллагаа болж байна.

Энэхүү цогцолборыг улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр барьж байгуулан өнөөдөр нээлтийг нь хийж байна. Нээлтэд УИХ-ын гишүүн М.Энхболд,  Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар оролцлоо.

"Мөнгөнморьтчууд авьяастай. Бүжгийн "Бөрт чоно" хамтлаг БНСУ-д болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон. Халх голын 80 жилийн ойд Буянбат багш сурагчидтайгаа хамт 1050км газар морьтой аялж, сум орны нэрийг улс даяар гаргасан" гэж тус тойргоос сонгогдсон УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд хэлсэн юм. 

 

УИХ-ын гишүүн М.Энхболд: 

-Орон нутгийн иргэд, сонгогчдын хүсэлтээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэхүү Соёл, спортын цогцолбор ашиглалтад орж байна. Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр чанарын өндөр түвшинд барьсан. Мөнгөнморьтчууд авьяастай. Урлаг, спортын олон алдартан төрөн гарсан. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор тив дэлхийн олон алдартан төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Мөнгөнморьтын "Бөрт чоно" хамтлаг БНСУ-ын Сөүл хотод болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцоход дэмжлэг болгож, замын зардал, хувцас хэрэглэл дээр нь тусалсан. Дараа нь надад талархал илэрхийлж байсан. 

Мөн Халх голын 80 жилийн ойд Буянбат багш найман сурагчтайгаа 1050км морьтой аялж, нутаг орныхоо нэрийг улс даяар гаргасанд бахархаж байна. 

Төв аймгийн сум бүр хатуу хучилттай замаар холбогдсон. Холбогдоогүй сумдын нэг нь Мөнгөнморьт. Замын тендер нь гурван удаа будилсан. Гэвч энэ жил "Тотал инженеринг" ХХК, "Ринж рөүд" ХХК хамтран хоёр сарын өмнө ажил нь эхэлсэн боловч, замын ажил хурдтай сайн явж байгааг бид сая харлаа. 2020 оны 10 сарын 30 гэхэд замыг ашиглалтад өгнө гэж замын компанийн удирдлагууд мэдэгдсэн. 

Мөнгөнморьт суманд 75 ортой дотуур байр барьж өгөөч гэж намайг гуравдугаар сард ирэхэд иргэд санал тавьсан. Энэхүү ажлыг хөөцөлдсөний хүчинд ирэх оны төсөвт мөнгө нь суусан. Ирэх хавар шавыг нь тавьж, барьж байгуулна гэсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.