Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр гүрэн худалдааны дайн хийгээд байгаа. Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Зиньпинтэй уулзахаар болсон.
Ирэх сард Аргентины нийслэл Буэнос Айрес хотод Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт болно. Энэ удаагийн уулзалтаар хурцдаад байгаа худалдаа, татварын маргаанаа шийдэж магадгүй хэмээн олон улсын шинжээчид хүлээж байна.
Одоогоос гурван долоо хоногийн өмнө Трамп Хятадын 200 тэрбум долларын импортын бараа бүтээгдэхүүны татварыг 10 хувиар нэмсэн. Хариуд нь Хятад Америкийн 60 тэрбум долларын бараанд татвар ноогдуулсан.
Хоёр гүрний үл ойлголцол дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, мөнгөний урсгалд нөлөөлж байна гэж Олон улсын валютын сангаас үзсэн.
Хэрэв Бээжин худалдаа, эдийн засгийн бодлогоо өөрчлөхгүй бол Вашингтоны зүгээс Хятадын 257 тэрбумын барааны татварыг дахин 25 хувиар нэмнэ гэжээ. Трампын энэ үйлдэл Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах маш том цохилт болно гэдэгт итгэлтэй байгаа юм.
Эх сурвалж: www.washingtonpost.com