Австралийн томоохон сонин хэвлэлүүд Засгийн газрын гаргасан хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан шийдвэрийг эсэргүүцэж даваа гарагийн дугааруудынхаа эхний нүүрэн дээр балласан хуудас нааж худалдаанд гаргажээ. Сонин сэтгүүлүүд эхний хуудсан дээрээ хараар балласан бичигтэй, нууц гэсэн улаан тамга дарсан хуудсуудыг адилхан наасан байна.
Засгийн газрын эрх баригчид үндэсний аюулгүй байдлын хуулинд нууцын зэрэглэлтэй мэдээллийг олон нийтэд дэлгэхийг хязгаарлаж, шаардлагатай бол сэтгүүлчийг ялласнаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна хэмээн эсэргүүцжээ.
Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж байна гэсэн ч хуулиас дээш давах зүйл байх ёсгүй хэмээн мэдэгдсэн байна.
Сонин сэтгүүлүүдээс гадна телевиз, радио, цахим сувгууд эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Австралийн мэдээллийн корпорацийн гүйцэтгэх захирал Майкл Миллер олон нийтэд хандан Засгийн газар тэднээс юу нуухыг хүсч байгааг асууж шаардахыг уриалсан байна.
The Australian, The Daily Telegraph, Nine, Sydney Morning Herald, The Age сонинуудын даваа гарагийн дугааруудын нүүр бүгд нууц гэсэн бичигтэй хуудсаар таглагджээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд Автсрали улс ардчиллыг нууцаар хамгийн их хааж боогдуулсан орон болоход ойрхон ирлээ хэмээн сэрэмжлүүлж байна.
Ард иргэдийн танин мэдэх эрхийг хааж боогдуулахаа больж, хэвлэлийн эрх чөлөөг хүндлэхийг хэвлэлүүд шаардаж байгаа юм. Энэ хооронд 2004 онд албаны хүмүүс олон сая долларын гэрээ байгуулсан Австралийн тагнуулын нууц мэдээллийг дэлгэсэн Витнес К болон түүний өмгөөлөгч нарт хорих ял оноохоор зэхэж байна. Түүнчлэн татварын албаны мэдээлэгч Ричард Бойл эрх мэдлээ ашиглан мэдээлэл задруулсан хэргээр дээд тал нь 161 жилийн хорих ял сонсож магадгүй ажээ.
Тус улс ойрын 20 жилийн дотор тагнуул, мэдээллийн нууцлалтай холбоотой 60 гаруй хууль баталсан байдаг. Одоогоор мэдээлэгчийн хэргийг хэрхэн шийдэх хуулийг хэлэлцэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нууц мэдээлэлтэй холбоотой 22 хуулийн төслийг Австралийн Парламент баталжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com