Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд 45 хүн гэмтэж бэртэн, 10 хүний амь нас хохирсон хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд найм, орон нутаг хоёр хүний амь нас хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
Бямба гарагт өдрийн 11:25 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо Ар гүнтийн замд “Хууль Сахиулахын Их Сургууль”-ийн Hyundai Aero town маркийн автобус онхолдож зорчигч Г, У, Б, А, З, Ц, Т нарын 7 хүн нас барж, зорчигч 31 хүн гэмтсэн.
Мөн тус өдрийн 19:18 цагийн орчимд СХД-ийн 25 дугаар хороо Зүүн салааны зам, 1-р автобусны буудлын замд Mazda Bongo маркийн автомашины жолооч, явган зорчигч Б-г мөргөж амь насыг хохироосон байна.
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.