Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш өглөө 09.30 цагт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группын ерөнхийлөгч А.Ганбаатар нарын хэргийг хэлэлцэнэ.
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлээд байгаа юм.
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн Г.Доржзодов гэх иргэн “60 тэрбумын бичлэг” гэгчийг олон нийтэд анх дэлгэсэн бөгөөд уг бичлэгтэй холбогдуулан АТГ, цагдаа, тагнуулын байгууллагаас өмнө нь гурван удаа эрүүгийн хэрэг үүсгээд гурван удаа хааж байсан билээ.