СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-10-21

Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн өдөр

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

“Тусгаар тогтнолын үнэ цэнэ”

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу өдгөөгөөс 74 жилийн тэртээ Бүх ард түмний санал асуулгаар Монгол Улс тусгаар тогтнолоо батагаажуулсан билээ

Түүхэн энэ өдөртэй холбогдуулан “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр /2019.10.20/ Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулсан юм. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ

“1945 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгын түүхэн сургамж нь монголчууд цаг ямагт нэгэн үзэл санаан дор, нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж байхын чухлыг, олны хүч оломгүй далай болохыг, төр ард түмний нягт холбоо хүчирхэг хүч болдгийг бидэнд байнга сануулж ирсэн юм. Тийм ч учраас жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг төр нь ард түмнээ сонсдог, ард түмний нээлттэй сонсголын өдөр болгож хэвшүүлэх нь, төр нь түүхээ хүндэтгэсэн, ирээдүй, хойч үе маань түүхэн үнэнээ тэр хэвээр нь мэдэхэд томоохон түлхэц болох үйл явдал болох юм” хэмээн онцоллоо.

“Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлийг Төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар, доктор П.Дэлгэржаргал нар тавьсан бол УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ удирдан явуулсан юм.

Уг арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн. Тэрбээр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн удирдлага дор зохион байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулгын түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хуралд оролцогчид болон Монголын ард түмэндээ дэвшүүлэв.

“Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийллээ.

            “Жанжны хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв”

 

Бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулсны түүхт 74 жилийн ойг тохиолдуулан “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”, бүх ард түмний санал асуулгыг удирдан зохион байгуулж, оройлон оролцсон Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцанд нарын төрөл төрөгсөд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, холбооны удирдлага оролцсон юм.

            “Хүчит 128 бөхийн барилдаан боллоо”

Монголын ард түмэн улс эх орныхоо бүрэн эрхт тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсны 74 жилийн ойн баярын улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч ням гаригт болж өнгөрлөө. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, өсөх идэр харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай нарын улс аймгийн цолтой бөхчүүд хүч сорьсон.

Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, аймгийн хурц арслан Б.Ууганбаяр, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар үлдсэн. Монголын ард түмэн улс эх орныхоо бүрэн эрхт тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсны 74 жилийн ойн баярын улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм.

Бөхийн барилдааныг “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”, Архангай аймгийн Бөхбилэгт бөхийн дэвжээ, Монгол бөхийн холбоо хамтран зохион байгуулсан аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.