Австралийн Кантас нислэгийн компани дэлхийн хамгийн урт нислэгийг нислэгийн баг бүрэлдэхүүн, зорчигчдын хамт амжилттай гүйцэтгэжээ. Нийт 49 хүний бүрэлдэхүүнтэйгээр АНУ-ын Нью-Йорк хотоос Австралийн Сидней хүртэл 19 цаг 16 минут үргэлжилсэн нислэгийг амжилттай үйлдсэн байна.
Боинг 787-9 Дриймлайнер нисэх онгоц 16,200 км зайг нэг ч зогсолтгүй туулж, Нью-Йоркоос баасан гарагт 21 цаг 27 минутад хөөрөн, орон нутгийн цагаар ням гарагт 07 цаг 43 минутад Сидней хотод газардсанаар түүх бүтээжээ.
QF7879 нислэг нь одоо байгаа хамгийн холын нислэгээс 900 км хол зайг туулсан бөгөөд 700 баррель түлш шатаасантай тэнцэхүйц хэмээний 101 тн шатахуун зарцуулжээ. Өөрөөр хэлбэл онгоцны жингийн тэн хагастай тэнцэх хэмжээний шатахуунтайгаар хөөрсөн байна.
Грам түлш шатах бүрт 3,15 грам нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг гэж үзвэл нислэгийн явцад 310 тн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан гэж АНУ-ын хүрээлэн буй орчныг хамгаалах газраас мэдээлсэн юм.
Түүхэн нислэгийг үйлдсэн багийн бүрэлдэхүүнд зургаан нисгэгч, зорчигчдод үйлчлэх зургаан ажилтан багтсан байна.
Кантас нислэгийн компани хэт холын нислэг үйлдэх Санрайс төслийн хүрээнд Их Британийн Хитрөү нисэх буудлаас Сидней хүртэл 17,000 км замыг 19,5 цагт туулах нислэгийг ирэх сард үйлдэхээр зэхэж байгаа юм.
Эх сурвалж: www.theguardian.com