Чили улсын Засгийн газар олон нийтийн тээврийн хэрэгслийн үнийг нэмэх саналыг дэмжсэнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл долоо хоногийн турш үргэлжилжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өчигдөр өөртөө үйлчлэх худалдааны төв шатаж гурван хүн, оёдлын үйлдвэр шатаж таван хүн амиа алдсан байна.
Нийслэл Сантьяго болон Валпарайсо, Кокуймбо, Биобио зэрэг газруудад өглөөний долоон цаг хүртэл хөл хорио тогтоосон ч иргэд эсэргүүцлийн жагсаал тэмцлээ үргэлжлүүлжээ. Армийн цэрэг, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, даралтат усаар шүршсэн байна.
Метроны тасалбарын үнийг нэмэх шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл тэнцвэргүй байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгааг эсэргүүцсэнээр үргэлжилж байна. Чили улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера метроны үнийг нэмэх шийдвэрээ түр түдгэлзүүлээд байгаа юм.
Чили улсын таван мужид онц байдал зарласны зэрэгцээ 1990 онд ардчилал руу шилжиж байснаас хойш анх удаа Сантьяго болон бусад хотуудад олон мянган цэрэг, танкуудыг гудамж талбайд байршуулжээ. Ням гарагийн байдлаар нийслэлийн олон нийтийн тээврийн хэрэгслүүд зогсож, олон улсын нисэх буудлууд нислэгүүдээ цуцлан, дэлгүүр худалдааны төвүүд хаалттай хэвээр байна.
Улс орон даяар 1,400 гауй хүнийг түр саатуулжээ. CNN агентлагийн дамжуулснаар жагсагчид болон хэв журам сахиулах цагдаа нарын мөргөлдөөний улмаас 60 орчим офицер гэмтэж шархаджээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com