Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн XXII хороонд гурван настай хүүхэд сайжруулсан түлшинд угаартаж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид тус айлд очиход гурван настай хүүхэд газар дээрээ амиа алдаж, хүүхдийн ээж ухаангүй байдалтай яаралтай тусламжийн автомашинаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын үндэсний төвд хүргэгджээ.
Тухайн айл нийтийн байранд амьдардаг бөгөөд энгийн зууханд шахмал түлү түлсэн гэж мэдүүлсэн байна. Түлээгүй үлдсэн шуудайтай түлшийг цагдаагийн байгууллагаас шинжлүүлэхээр авч явжээ.
Түүнчлэн угаарын хийд хордсон гэх дуудлага иргэдийн зүгээс тасрахгүй байгаа бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдээр 32 хүүхэд, 28 том хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ.
Б.Намуунтамир