Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна.
Ослын улмаас газар дээрээ зургаан хүн, эмнэлэгт хүргэгдээд нэг хүн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Дотор нь тус сургуулийн ажилчид зорчиж явсан ба одоогоор Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн хэмээн ТЦА-аас мэдээллээ.