Хүн бясалгал хийснээр биеийн эрүүл мэнд сайжран, дархлаа нэмэгддэг болохыг шинжлэх ухаан болон буддын шашны хуварга, эрдэмтэд тогтоосон байна. “Номын гурван хүрдэн сан” ТББ-аас “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний хурлыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй юм.
Урьд жилүүдийн хурлаар онолын тал руугаа эрдэмтэн, судлаачид ярилцдаг байсан бол энэ жил бие, сэтгэлийн төгөлдөршилд оюуныг дадуулахуй сэдвийн хүрээнд хоёр өдөр хуралдаж байна. Бясалгал хийснээр хүний сэтгэл санаа тогтвортой болж, аз жаргалын гормоноо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг олон улсын эрдэмтэд баталжээ. Тухайн хүний сэтгэл амгалан байх аваас гэр бүл, цаашлаад нийгэм нь хүртэл эрүүлжинэ хэмээн үзэж байгаа юм.
Энэхүү хурлын үеэр дээрхийн гэгээнтний эмч болох доктор Барри Кэрзин “Бусдаас их зүйл хүлээх нь сөрөг хандлагыг авчирдаг. Уур омог, атаархал гэх мэт зүйлс нь хүнийг бухимдуулж, стресс үүсгэдэг байна. Үүний эсрэг ерөндөг нь бусдыг хүндэтгэж, хайрлан, даруухан байх хэрэгтэй. Зүгээр нэг бясалгалаас илүү бодь сэтгэлийн бясалгал хийх нь дархлааны системд нөлөөлдөг. Стресстэй хоёр бүлэг хүмүүсийг бясалгалын болон эмийн аргаар эмчлэн хэсэг хугацааны дараа үр дүнг судалсан. Тэгэхэд бясалгал хийсэн хүмүүсийн 80 хувь нь стрессээс салсан байсан бөгөөд эм уусан хүмүүсийн 25 хувь нь уур бухимдлаасаа салаагүй байсан юм.
Хүүхдийг бага наснаас нь анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, хамрын үзүүр дээр анхаарлыг нь төвлөрүүлж сургах хэрэгтэй. Анхаарал сарнисан ч гэсэн буцаагаад хамрынхаа үзүүр дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чухал байдаг. Энэ нь бие хүний төлөвшилд нь нөлөөлдөг. Ингэснээр аливаа зүйл рүү зорилготой хандаж сурах юм” хэмээв.
Хамба лам Д.Чойжамц “Хүн сайн сайхан бодолтой байгаа үед гамма туяа цацарч байдаг. Харин бясалгалын үед гамма туяа дээд зэргээр цацардаг юм. Монголчууд эрт дээр үеэс хар, шар гэлтгүй бясалгал хийж ирсэн. Та өглөө босоод бурхандаа залбиран тарни унших нь хүртэл бясалгалын нэг хэлбэр юм” хэмээв.