Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-ын үзвэрийн шинэ жилийн нээлт зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр эхэллээ. Энэ жилийн үзвэрийн шинэ жилийн нээлт монгол жүжгүүдээр эхэлж байгаа нь онцлог бөгөөд энэ 10, 11-р сарыг дуустал зөвхөн монгол жүжгийг үзэгчдийн хүртээл болгох юм. Үзвэрийн шинэ жилийн нээлтийн үеэр УДЭТ, Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-тэй хамтран зохион байгуулсан хүүхдийн жүжгийн болон монгол зохиолын уралдааны дүнг танилцууллаа. Энэ үеэр УДЭТ-ын захирал, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуугаас тодруулга авлаа.
-УДЭТ-ын энэ жилийн үзвэрийн шинэ жилийн нээлтийн онцлог юу вэ?
-Орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага улсын төв театрыг 1931 онд байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш үндэсний, түүхэн, нийгмийн амьдралын толь болсон, дэлхийн сонгодог зэрэг 500 орчим бүтээлийг их тайзнаа амилуулж, үе үеийн алдарт уран бүтээлчдийг төрүүлсэн.
Түүнээс хойш манай театр 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүрийн намар үзвэрийн шинэ жилийн нээлтээ хийдэг. Энэ жил гурван шинэ уран бүтээл /"Жаргаагүй нар", "Надтай үлдээч", "Бүсгүйн зурвас"/ хийж үзэгчдийн хүртээл болголоо. Дөрөв дэх бүтээл дээр ажиллаж байна. Энэ жилийн үзвэрийн жилийн нээлт Нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж байгаа учир бид “Монгол жүжгийн өдрүүд”-ийг энэ 10, 11-р сард толилуулахаар болж байна. Нийт 20 гаруй удаа зохион байгуулна. Бид нийслэлийн иргэддээ үйлчилж байгаа байгууллага учраас нийслэлчүүддээ драмын урлагаар бэлэг барьж байна даа.
-Ирэх жилүүдэд ямар бүтээл толилуулахаар төлөвлөж байна?
-Театрын урлагийг хөгжүүлэхэд зохиол их чухал. Жүжгийн зохиолын хомсдол манайд их бий. Тиймээс манай театр 2003 оноос түүхэн, орчин үеийн, хүүхдийн жүжгийн уралдаан зарлаж эхэлсэн. Зохиолчдын оюуны бүтээлийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор. Тэдгээрээс эхний гуравт орсон бүтээлийг жүжиг болгохоор зорин ажиллаж байна. Бусад театрууд ч мөн уралдаанд ирсэн зохиолоос сонгож уран бүтээл хийх боломтжой. Ер нь жүжгийн зохиол гэдэг чинь театр урлагийг шинэчилдэг эх сурвалж байдаг. Тиймээс сайн жүжгийн зохиол сайн бүтээл болно.
-Үзэгчдийн эрэлт хэр нэмэгдэж байна. Чадвар нь хэр өсч байна?
-Театрын нэг үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх, гоо сайхны хүмүүжил олгох. Энэ утгаараа ард түмнийг соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэх зорилгоор ажиллаж байна. Тэгээд ч театр, соёл урлаг гэдэг бол ард түмнээсээ 20 алхмын урд алхах ёстой. Манай театр урт хугацааны хөтөлбөрөө таван жилээр, найман жилээр боловсруулан ажиллаж байна. Эндээсээ жилийн төлөвлөгөөгөө гаргана. Тухайлбал, бид 2017-2021 он дуустал “Драма-21” гэж таван жилийн хөтөлбөрийн дагуу ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн томоохон зорилго нь уран бүтээлийн бодлогын асуудал. Өөрөөр хэлбэл, бид туурвиж байгаа бүтээлийнхээ 70-аас доошгүй хувийг монгол жүжиг байлгая гэж төлөвлөсөн. Энэ зорилтоо хэрэгжүүлэх гэж ажиллаж байна. Энэ жил дөрвөн монгол жүжиг, дараа жил мөн 3-4 монгол жүжиг шинээр толилуулна.
Үзэгчдийн тоо эрс нэмэгдэж байна. Хуучин 70 орчим хувийн суудал өндөрт тооцогдож байсан бол одоо 80-аас дээш хувьтай байна.
УДЭТ, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтарсан Хүүхдийн зохиолын уралдаанд 80 гаруй зохиол ирүүлжээ. Үүнээс тэргүүн байрыг Азийн шагналт зохиолч Д.Урианхайгийн “Хүүхэд байсан, одоо нуурын эрэгт дандаа инээж суудаг хамгийн...хамгийн...хамгийн “гоё” эмээ” жүжиг эзэлжээ.
Уг зохиолын гол философи нь хүүхэд, нуур хоёр. Бүтэхгүй юмыг хүсээд, бүтээх гээд, бүтэхгүйг нь мэдсэн хэр нь зүтгээд байдаг хүүхдийн тухай гардаг. Алив зүйлийг зөв гэж бодсон бол бүтэхгүй байсан ч тууштай байвал амжилтанд хүрч болдгийг уг жүжгээрээ харуулахыг зорьсон байна. УДЭТ уралдааны эхний гуравт орсон бүтээлийг тун удахгүй тайзнаа амилуулж, бүтээл болгон хүүхэд, багачуудын хүртээл болгох юм.
Хүүхдийн жүжгийн зохиолын 2-р байранд Дорнод аймгийн ХДТ-ын найруулагч Б.Мөнхнайрамдал “Миний аав-Миний баатар” жүжгээрээ, 3-р байрыг судлаач, шүүмжлэгч П.Батхуяг хүртжээ.
Харин монгол жүжгийн зохиолын уралдаанд нийт 59 зохиол ирүүлснээс тэргүүн байрыг СГЗ, зохиолч До.Цэнджав “Хаангүй сэнтий” жүжгийн зохиолоороо авчээ. 2-р байрыг СТА, зохиолч Д.Мэндсайхан “Өлзийт боов...”, 3-р байрыг Ардын уран зохиолч Т.Галсан “Гайхамшгийн аюумшиг” зохиолоороо хүртлээ.
СГЗ, МЗЭ-ийн тэргүүн До.Цэнджавын “Хаангүй сэнтий” зохиол бол Их монгол улсын эзэн хаан Өгөөдэйн тухай юм. Аугаа их Өгөөдэй хаан 55 наслаад тэнгэрт буцахынхаа өмнө өөрийн хатан, үр хүүдүүдээ цуглуулаад “Би дөрвөн том гавьяа байгуулсан. Мөн дөрвөн том алдаа хийжээ. Түүний нэг нь ёсгүй эм хүний үгэнд орж отчигин овгоос хүүхнийг авчирсан нь миний нэгэн буруу байжээ” гэхчлэн хэлсэн талаар түүхэнд бий. Тэр нэгэн буруу нь Туркина буюу Дөргөн хатан нь. Өгөөдэй хааныг тэнгэрт хальснаас хойш Их монгол улс дөрвөн жил хаангүй байсан буюу Дөргөн хатан хааны эрхийг дөрвөн жил авч Их Монголын төрийг самрах шахсан гашуудалтай түүх бий. Энэ бол үнэн түүх. Энэ түүхийг жүжгийн хэлбэрт оруулан ийн “Хаангүй сэнтий”-г бичжээ.