СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-10-18

Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төсөл болон хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг гишүүдээс хүслээ. Тэрбээр “2016 онд Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрч буурсан, төсвийн нэгдмэл байдал алдагдаж олон зэрэгцээ төсөвтэй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувьд хүрсэн, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээл, сорилт тулгараад байсан. Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарч шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр .7-8 хувиар өсөх төлөвтэй байна” гэв Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт, хариулт авсан юм.  

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Төсөв 2019 оныхоос 2.1 их наядаар орлого нэмэгдсэн, зардал 2.3 их наядаар нэмэгдүүлсэн, алдагдал нь 2.1 их наяд байна. Хөрөнгө оруулалтын хуваарилалт шударга бус. Ямар ч эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг харгалзаж үзээгүй. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум төгрөг, Сүхбаатар аймаг 30 тэрбум байх жишээтэй. Ер нь эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн төлөвлөлт мөн үү. Хэрэв мөн бол үүнийгээ нотолно уу. Энэ санаатай юм уу, улстөрчдийн тохиролцоо юм уу. Мөн есөн тусгай санг хассан ч Ирээдүй өв санг корпораци болгоно гэжээ, ямар учиртай вэ. Энэ төсвийн урсгал зардал дотор төрийн албан хаагчдын бусад зардалд юу тусгасан бэ. Өнгөрсөн хугацаанд төрийн бүх алба Ланд-200 автомашин авсан гэсэн үнэн үү. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ард түмний цалинг нэмээгүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалинг бид хоёр жил дараалан инфляцтай уялдуулж нэмсэн. Бид улс орноо зөв замд оруулж, алдааг нь цэгцлэх чармайлтаар ажиллаж байгаа. Аялал жуулчлалыг хүн бүр ярьж байна. Чингисийн төрсөн газар аялал жуулчлалын бүс болгож байгаа, түүний тулд бүтээн байгуулалт, дэд бүтцийг нь хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн. Тиймээс бид урт хугацаанд эдийн засгаа зөв тодорхойлох нь чухал. Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдаж, тэр хуульд корпораци байгуулна гэж тусгасны дагуу хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Хавдрын өвчлөл нэмэгдэж, эмнэлгийнх нь ачаалал ихэсч байна. Тэгэхээр улсын төсвөөс хасах ёстой зарим зардлуудыг хасч, шаардлагатай хөрөнгө оруулалтуудад хийх хэрэгтэй. Жишээлбэл, Шүүхэд сургалтын төв, прокуроруудын нэгдсэн төвийг 19 тэрбум төгрөгөөр барих гэж байгаа зардлуудыг хасч, Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг өргөтгөх, барилга байгууламжийг нь шинээр барих ажлыг төсөвт тусгах хэрэгтэй, Сангийн яам Хавдар судлалын үндэсний төв дээр очиж ажилламаар байна. Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх ёстой.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Хавдрын асуудал ямар байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу. Энэ мөнгийг хамгийн үр ашигтайгаар зарцуулна гэдгээ зөв тодорхойлбол бид төсвийг нь зохицуулна, зохицуулсаар ч ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Улс орны эдийн засагт сүүлийн жилүүдэд багагүй өөрчлөлт, амжилт гарч байгаа. Засгийн газар зээл авч төсвийн алдагдлыг нөхнө гэсэн ойлголт байхгүй болж байна. Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах боломж бий. Цаашид энэ байдлаараа явбал зарлагаа дийлэхгүй. Зарлагын реформ хийх чиглэлээр Засгийн газар юу хийж байна вэ. Зарлагыг бууруулах хамгийн том зүйл нь бүтцийн өөрчлөлт гэж бодож байна. 2020 оны төсөвт мөрийн хөтөлбөрийг хэдэн хувьд хүргэх боломжтой гэж төлөвлөсөн бэ. Түүнээс гадна ипотекийн зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Засгийн газар эргэлт гаргаж, гадны зээл тусламжаар ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юу. Эдийн засагт өсөлт гарч байгаа нь сайн байна. Гэхдээ өсөлт иргэдийн амьдралд хүрч байна уу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Дэлхийн болон дотоод эдийн засгийн эрсдэл, хэрэгцээ шаардлага, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг уялдуулж оруулж ирсэн. АНУ, Хятад хооронд өрнөж буй худалдааны дайн, санхүүгийн зах зээл дээр зохимжгүй, саарал жагсаалт, өвөлжилт хүндэрч болзошгүй зэрэг эрсдэлүүд бий. Энэ бүгдийг тооцож, бодитойгоор төсөвлөж оруулж ирсэн. Зарлагын реформыг цаашид хийх ёстой. Үүний тулд Төрийн үйлчилгээнүүдийг цахимд шилжүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллана. Ил тод гэдэг нь олон нийт хяналтаа тавина, төрийн бүх үйлчилгээг энгийн цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж оруулж ирсэн. Энэ ондоо багтааж төрийн байгууллагын цалинг нэгдсэн цахим систем, сүлжээгээр олгохоор төлөвлөж байна. Сангийн яамны хувьд 75-80 хувь намын мөрийн хөтөлбөрийг нэмэгдүүлэх боломжтой .гэж тооцсон Гишүүд ийн асуулт, тодруулга авсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.