СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Турк улс 120 цагийн хугацаанд гал зогсоохоор болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Турк улс Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулсанд АНУ хориг тавьж, өндөр дээд албаны төлөөлөгчдөө Анкара руу илгээсэн билээ. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган юу ч болж байсан Сири дэх галаа зогсоохгүй хэмээн долоо хоногийн эхэнд мэдэгдэж байсан ч түр хугацаанд гал зогсоохыг зөвшөөрчээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Анкара хотод уулзаж 8-9 цагийн турш хэлэлцээрийн ширээний ард суусан байна.

Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын газраас гал зогсоох тухай шийдвэр гарсан ч Рас аль-Айн тосгонд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна гэв.

Өнгөрсөн найм хоногийн хугацаанд цэргийн ажиллагаа, зөрчил мөргөлдөөний үеэр Сирийн 72 иргэн амиа алдаж, 300,000 орчим иргэн орон гэрээсээ дүрвэжээ.

 

 

Дэд Ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн дарга, аюулгүйн албаны зөвлөхөө Турк руу илгээсэн Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох шийдвэр гарахаас өмнө Твиттер хуудсандаа “олон сая хүний амь аврагдах болно” хэмээн жиргэсэн байна. Харин Майк Пэнс Туркийн Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийн дүнг танилцуулсны дараа “Гурав хоногийн өмнө гэхэд хэлэлцээр хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан. Үүнийг хийхэд жаахан л “ширүүхэн” хайр хэрэгтэй байжээ. Бүгд гайхалтай байлаа. Та бүгдээр бахархаж байна” хэмээн жиргэжээ.

 

 

Трамп хэлэлцээрийн урьд өдөр Туркийн төрийн тэргүүн рүү илгээсэн захидалдаа “Битгий хатуурх. Бүү тэнэглэ” гэсэн юм. Харин гал зогсоох хэлэлцээрийн дараа Эрдоганыг зөв зүйл хийсэн, сайн удирдагч гэх утгатай үгсээр сайшаажээ.  

Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ цэргийн ажиллагаа Курдын зэвсэгт дайчид хилийн бүсийг чөлөөлөх хүртэл түр хугацаанд л завсарласан болохоос бүрмөсөн зогсоогүй хэмээн онцолсон байна.

CNN агентлагийн дамжуулснаар Турк улс цэргийн ажиллагаагаа бүрмөсөн зогсоосны дараа эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцална гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.