СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-18

Сайжруулсан түлш хэрэглэхээсээ айж мод түлэх нь ихэсжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өвөлдөө ойр орчмын газар харагдахгүй, битүү утаанд амьдардаг нийслэлчүүд утаа багасна гэдэг итгэл тээсээр энэ өвөлтэй золгож байна. Гэтэл шахмал түлш хэрэглээнд нэвтрээд удаагүй ээлжит дуулиан эхэлж, хэдэн гэр бүл нулимстай нүдтэй үлдлээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш түлэхийг шийдвэрлэсэн. Үнэхээр агаарын бохирдол буурч, утаа багассан гэдгийг дүгнэх арай эрт байна. Нөгөө талдаа олон хүн угаарын хордлогод орж, зургаан хүний амь нас эрсэдсэн тохиолдлоос болж иргэд нүүрс түлэхээс айж, модоор галлаж эхэлжээ. Энэ талаар сурвалжлан хүргэхээр бид Баянзүрх дүүргийн X хорооны нутаг буюу “Цайз зах”- ыг зорилоо. Барилгын материал, модны худалдааны гол цэг болсон энэ захаас нийслэлчүүдийн нэлээд хувь нь өвлийн түлшээ бэлтгэдэг. Автобусны буудлаас эхлээд машин дүүрэн нүүрс, шуудайтай мод эгнүүлэн зардаг худалдаачид энэ жил цөөрчээ.

Үдээс өмнө тус захад очиход хөл хөдөлгөөн багатай, эл хульхан байв. Хаалгаа дэлгэсэн том хашаанд зүссэн банз, хөрөөдөж бэлтгэх түлшний мод тэвхийлгэн хураажээ. Энд тэндгүй цахилгаан хөрөө, банз зүсэх дуу гарч, чимээ шуугиан ихтэй байв. Гэхдээ энэ дуу шуугианд мод, түлээ шуудайлах, нарийн хөрөөдсөн банзыг хураах зэрэг гар доорх ажлыг настай хүмүүс хийх нь элбэг юм. Модны захын худалдагч нар банзаа хурааж, жижиглэсэн модоо уутанд савлан чөлөө завгүй ажиллана. Хураасан банзны өмнө шуудайлсан модоо эгнүүлэн өрж зогсох 60 орчим насны эмээтэй цөөн хором ярилцав. . Тэрбээр “Модны худалдаа улирлын чанартай.

Энэ жил харьцангуй дулаан болохоор хүмүүс оройтож түлшээ бэлтгэж байх шиг байна. Саяхнаас мод худалдаж авах нь ихэссэн. Ингэхдээ худалдан авалт арай нэмэгдчихсэн юм шиг байна. Мод авахаар нэг ирсэн хүн дор хаяж 2-3 шуудай мод авдаг. Машинаар нь ачаад явах хүмүүс ч бий.

Шуудайлж савласан моднууд өдөртөө бараг дуусчих гээд байна. Шуудайлж жижиглэсэн модны бөөний үнэ 1800-4500 төгрөг байгаа. Хөрөөдөж бэлтгэсэн модноос гадна модны холтос, банзны хугархайг худалдаж авах нь элбэг байдаг. Эгч нь энэ хаягдлыг том шуудайнд савлаж 7000-8000 төгрөгөөр худалддаг юм.

Би өөрөө ч хаягдал модноос чадлаараа гэр рүүгээ аваад явдаг. Энэ жил сайжруулсан түлш түлж байгаа. Сайжруулсан түлшинд мод түлхүү ордог юм билээ. Тэгээд удаж байж асдаг. .

Зөндөө хүн угаартаж нас барсан гээд мэдээ гарахаар нь айгаад шөнө түлж чадахгүй байгаа. Орой эндээс авч явсан жаахан модоороо гэрээ дулаацуулаад унтаад өгдөг юм. Өвөл болохоор яахаа мэдэхгүй байна” хэмээн ярилаа. Энэ талаар худалдагч Л.Хүрэлээ “Модны үнэ энэ жил бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ бид үнийг нь нэмчихдэг юм биш. Хөдөө орон нутгаас оруулж ирэхэд үнэ нь нэмэгдсэн.

Ер нь намартаа модны үнэ өсөх хандлагатай байгаад өвөл гайгүй болчихдог юм. Манайх барилгын хавтан зардаг болохоор заримдаа муу хавтан орж ирнэ. Ийм хавтанг галын түлшинд хэрэглэхээр хүмүүс их худалдаж авдаг юм. Модноос арай хямд үнэтэй, эрэлт ихтэй. Энэ жил модны үнэ нэмэгдсэн ч худалдан авалт сайжирсан байна.

Мод авч байгаа хүмүүсийн хэлж байгаагаар “Сайжруулсан түлшинд мод их орж байна гэсэн” хэмээн ярилаа.

Харин өөрийгөө Н.Одсүрэн хэмээн танилцуулсан модны худалдаачин “Түлшний модны эрэлт арваннэгдүгээр сард ихэсдэг юм. Манайд хөдөө орон нутгаас захиалга их ирдэг. Хөдөөний айлууд өвөл багадаа гурван машин мод түлнэ. Улаанбаатарт машин мод аваад түлэх хүн ховор шүү дээ. Ихэвчлэн зах банз, шуудайлсан мод жижиглэнгээр аваад түлдэг. Үдээс өмнө мод, нүүрс худалдаж авах эрэлт нь бага байдаг юм. Ажлын цаг дуусаад оройны 21.00 цаг хүртэл хүний хөл тасрахгүй шүү. Мөн энэ модны захын холтос, модны хаягдал түүж амжиргаагаа залгуулдаг хүмүүс их байдаг.

Энэ нь ихэвчлэн настай хүмүүс. Сүүлийн үед тэр хүмүүс хаягдал модоо зарахаасаа илүүтэй өөрсдөө түлэх нь их болсон шиг байна.Аравдугаар сар дундаа орчихсон намрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, өглөө оройдоо чихний үзүүр тас няс хийдэгсэн.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.