Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Маргааш баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгой анхааруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19,22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Энэ сарын 19, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.