Сүүлийн үед олон нийтэд шуугиан үүсгээд байгаа цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
-Цагдаагийн албан хаагч аравдугаар сарын 16-ны өдөр 16.00 цагийн үед олон нийтийн газарт бие засаж буй зурагтай мэдээлэл цахим орчинд тарсан. Уг зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд цагдаагийн байгууллагаас шуурхай шалгах ажлыг хийхэд Цагдаагийн ахлах ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт бие зассан ёс зүйгүй үйлдэл гаргаж, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний нэр хүндэд халдсан болох нь тогтоогдсон. Иймд н.Сүхбаатарыг цагдаагийн байгууллагаас халж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээг авсан. Цагдаагийн албан хаагчийг дахин ийм үйлдэл гаргахгүй байхад бид анхаарч ажиллахын зэрэгцээ уг үйлдэлтэй холбогдуулан олон нийтээс уучлалт хүсэж байна.
Цагдаагийн мянга мянган албан хаагч чиг үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж байгаа. Цагдаагийн алба хаагч энэ мэтчилэн зөрчил гаргавал иргэд та бүхэн баримттайгаар бидэнд ирүүлж хамтран ажиллахыг хүсье.
Эрүүгийн цагдаагийн албанаас зэвсэг арга хэмжээг явуулсны дүнд Баянзүрх дүүрэгт 28-60 насны гурван иргэн байлдааны зориулалттай 6500 ширхэг сумыг худалдан борлуулах зорилгоор авч явсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид илрүүлж, үргэлжлүүлэн шалгаж байна.
МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд сүүлийн үед байгаль хамгаалах нэрийн дор иргэний нийгмийн байгууллагууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хашаа, байр руу дайран орох үйлдлийг удаа дараа гаргаж байгаа учраас энэ үйл явдлыг таслан зогсоож өгнө үү гэсэн хүсэлт байсан. Цагдаагийн байгууллага ийм үйлдэл бүртэй тэмцэж байгаа.
Гэхдээ тэмцэж байгаа үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлдэггүй. Эрүүгийн цагдаагийн алба энэ асуудалд чимээгүй байдлаар хандсан, орхисон нэг ч үйлдэл гаргаагүй гэдгээ дахин хэлье. Тухайлбал, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин гэх хүн бусдын эд хөрөнгийг булаан авахаар заналхийлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нь бусдын хөрөнгийг авахаар заналхийлсэн, ялгаварлан гадуурхсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын хяналтан дор шалгаж байгаа гэдгийг хэлье.
Баянхошууны нутаг дэвсгэрт олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсаны дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид яаралтай шалгах ажлыг хийхэд уг мэдээлэл нотлогдсонгүй. Сүүлийн гурав хоногийн турш хүүхэд хүчирхийлэлд дээрх байдлаар өртсөн гэх мэдээлэл бүртгэгдээгүй, ГССҮТ-д хүүхэд хэвтэн эмчлүүлээгүй байна. Иргэн та бүхэн олон нийтийн сүлжээнд бодитой мэдээлэл тавибал бидэнд дэмжлэг болдог, хуурамч мэдээлэл тавибал дараа болдог. Тиймээс та бүхэн олж мэдсэн мэдээллээ олон нийтийн сүлжээнд тавихаас өмнө бидэнд эхэлж мэдээлж хамтран ажиллахыг хүсье.