УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хөрөнгө орлого УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 28 сая байсан бол 2018 онд 442 сая болж огцом нэмэгджээ. Түүний хөрөнгө ингэж нэмэгдсэн учир АТГ-т шалгуулах хүсэлтийг иргэн н.Булганзаяа арван сарын өмнө гаргаж байжээ.
Гэвч АТГ-аас огтхон ч шалгаж ямар нэгэн мэдээлэл хийгээгүй юм. Харин энэ удаад түүний хөрөнгө огцом нэмэгдсэн учир шалгаж өгөхийг "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс мөн гарган тавиад байгаа.
Энэ талаар нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа.
-Хүн орон сууцаа худалдан борлуулахад орлого нэмэгддэг. Би хоёр давхар зуслангийн байшингаа зарсан. ХАОАТ төлсөн. Мөн би аж ахуй эрхэлдэг. Зарим компани маань орлого олдог. Жил бүр байшин саваа зарахгүй шүү дээ. Миний орлогыг өссөн гэж байгаа хүмүүс АТГ-т өгөөд, эрүүгийн хэрэг үүсгээд шалгуул гэж хэлмээр байна. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн гаргаж буй ярианд би детальчилж хариу өгөх боломжгүй. Би хаана ч шалгуулахад бэлэн. Хулгай зэлгий хийдэг хүмүүстэйгээ тэмц гэж хэлмээр байна.