2014 онд - НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн оны шилдэг байгаль хамгаалагч
2015 онд - Норвегийн Харалд хааны нэрэмжит шагналтан
2016 онд - ”Форбес” сэтгүүл оны онцлох залуусын нэгээр нэрлэв.
2017 онд - Европ тивийн онцлох хүн
2017 онд - Голландын онцлох хүн
2018 онд - “Euronews” “Европын хамгийн залуу энтрепренер”ийн нэгээр нэрлэж байв.
Номхон далайд 100 гаруй мянган тонн хуванцар хуримтлагдаад байгаа ажээ. Эрдэмтэд энэхүү хог хаягдлыг цэвэрлэх төрөл бүрийн санал, санаачилга гаргасан ч хамгийн шилдэг санааг зохион бүтээгч Боян Слат гэх хүү 20 настайдаа дэвшүүлсэн юм. Далай, тэнгис жил бүр ойролцоогоор найман сая тонн хог хаягдлаар бохирдон, энэ хэрээр далайн ургамал, амьтдын амьдрах орчин алдагдаж, зарим нь мөхлийн ирмэгт хүрээд буй.
Хүүгийн сэтгэл үүнд хамгийн их зовнидог байв. Тиймээс 10 настайгаасаа далай тэнгисийн хог хаягдлыг чадахынхаа хэрээр цэвэрлэдэг болсон нь түүнийг өмнө нь хэн ч бүтээж байгаагүй төхөөрөмж бүтээхэд хөтөлжээ. Өдгөө 25 настай тэрбээр далай тэнгисийн хог, хаягдалтай гараараа бус, зохион бүтээсэн төхөөрөмжөөрөө тэмцэж байна. Түүний зохион бүтээсэн төхөөрөмж далайн түрлэг давалгааг ашиглан хогийг шүүж аварга том юүлүүрт цуглуулдаг.
Боян хөвдөг хамгаалалт бүхий төхөөрөмжөөрөө таван жилийн дотор Номхон далайн хог хаягдлын 50 хувийг цэвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүнчлэн цуглуулсан хог хаягдлаараа сандал, автомашины гупер бүр цаашлаад нефть гаргаж авах боломжийг судалж байгаа аж. Түүний төхөөрөмж энэ сараас Хавайн арлаас Калифорни хүртэлх 700 мянгаас 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайн хуванцар, хог хаягдлыг “ангуучилж” эхлээд буй. Гурван метр хүртэл гүнд хүрдэг төхөөрөмж далайн амьтдын амьдралд саад болохгүйгээр 1.8 их наяд тонн хуванцар хог түүнэ гэсэн тооцоо байгаа юм.
Шинжээчид түүний бүтээсэн төхөөрөмж Номхон далайн хог хаягдлыг уламжлалт технологиор 10-20 жилийн дотор цэвэрлэх чадалтай гэж үзэж байна. Уг төхөөрөмжийг олон жил туршиж байгаа бөгөөд хогийн хөвөх хурд төхөөрөмжтэй адил байх, салхи, давалгаанаас болж хугарах, эвдрэх, давалгааны цохилтод цуглуулсан хогоо алдах гэх мэт алдаа дутагдал гарч байсан. Гэхдээ Боян алдаа, дутагдал гарах бүрт засаж, төхөөрөмжөө улам боловсронгуй болгосоор байгаа юм.
ХУВИЙН АМЬДРАЛ
Боян Слат 1994 онд Голландын Делфт хотод төржээ. Багаасаа байгаль орчны холбогдолтой ном, сэтгүүл уншиж, байгаль хамгаалагч болохыг мөрөөддөг байв. Хүү ердийн байгаль хамгаалагч болохыг бодсонгүй. Харин эсрэгээрээ Байгаль цэвэрлэх шинэ арга боловсруулж, ямар нэгэн томоохон өөрчлөлт хийхийг зорьсон байна. Хэдийгээр нисэхийн инженер болохоор суралцаж байсан ч сургуулиа орхиж, Далай цэвэрлэх сан байгуулан, багын мөрөөдлөө ажил хэрэг болгохоор зүтгэжээ. Ийн зориглох үед түүнд ердөө 200 евро байж.
Санхүүжүүлэгч хайн өдөрт 300 компанитай холбогдсон тохиолдол ч бий гэнэ. Гэтэл хэн ч түүний саналыг дэмжээгүй байна.
2013 оны гуравдугаар сарын 26-нд Боян анхны тусламжаа авчээ. Цахим сүлжээнд нэгдэгсэд энэ өдрөөс түүнд хандив өргөж эхэлсэн бөгөөд далайн хог хаягдлыг цэвэрлэгч маань өдөрт 1500 орчим цахим шуудан хүлээж авдаг болов. Ингээд 15 хоногийн дотор 80 мянган ам.доллар цуглуулжээ.
Энэ мөнгөөрөө тэрбээр эхлээд далай дахь хог хаягдлын хэмжээг тооцоолохыг зорив. Түүний цуглуулсан мэдээллээс харахад, далай, томоохон тэнгис дэх хуванцар сав, гялгар уут далайн бүх загасны био массын гуравны хоёртой тэнцдэг байна. Далайн олон мянган амьтныг аварна гэж зориход нь Бояныг сайшаах, басхүү шүүмжлэх хүн олон байв. Гэхдээ дэмжихээсээ илүү “Жирийн нэг хүү далай цэвэрлэж, байгаль орчин хамгаална гэдэг юу байхав” гэх нь олон байлаа.
Энэ үеэс Боян өөрийнхөө санаачилгыг шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг батлахаар зорьжээ. Тэрбээр голдуу сайн дурынхнаас бүрдэх 100 орчим хүн цуглуулж, далай судлаач мэргэжилтний хяналтан дор тэднийг Номхон далайн хамгийн их хогтой хэд хэдэн газар руу илгээж, ажиллуулсан байна. Ингээд гурван сарын дараа буюу 20 нас хүрэхээсээ сарын өмнө 530 хуудас бүхий судалгааны тайлангаа мэргэжилтнүүдэд танилцуулжээ.
Түүний судалгааг багш, эрдэмтэн, инженер нийлсэн 70 гаруй мэргэжилтэн сайшааж, хуванцар эд, гялгар уут бүхий хог хаягдал цэвэрлэх төхөөрөмж бүтээх хоёр сая ам.доллар цуглуулахад нь тусалжээ. Хог түүгч машиныхаа тусламжтайгаар Боян ердөө хагас жилийн дотор далай, тэнгисийн 200 сая тонн хог хаягдлыг цэвэрлээд байгаа юм. Далай цэвэрлэх сандаа хандив цуглуулж, бүр том хэмжээний, дор хаяж таван хог цэвэрлэгчтэй болбол жилд дунджаар 7.2 тэрбум тонн хог далайгаас гаргах гэнэ.
Хур хог эрэг хавиар бөөгнөрөх юм уу, далайн мандал дээр хөвдөггүй, далай тэнгисийн ёроолд байдаг нь Боянд тулгарч буй хамгийн том бэрхшээл болоод байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд түүнд усны мандал дээгүүр хөвж, өнгөн хэсгийн хогийг түүдэг, одоо байгаа төхөөрөмжөөс гадна гүнд шумбаж, олон тонн хог татаж гаргах чадалтай төхөөрөмж хэрэгтэй болох юм. Гэхдээ Боян эхний ээлжинд одоогийн төхөөрөмжөө улам олныг үйлдвэрлэж далайд тавихаар төлөвлөж байна.
Мөн тэрбээр дараагийн төлөвлөгөө нь хог цуглуулагч төхөөрөмжийнхөө багтаамжийг нэмэгдүүлж, цуглуулсан хогийг усан онгоцоор очиж автал жил болон түүнээс ч урт хугацаанд барьж байх тэсвэртэй болгох явдал гэдгийг онцолж байгаа юм. Зорьсондоо хүрэхийн тулд Бояан зогсолтгүй ажилласаар байгаа юм .
2050 ОН ГЭХЭД ДАЛАЙ, ТЭНГИСҮҮД ЗАГАСНААСАА ИХ ХУВАНЦАРТАЙ БОЛЖ МАГАДГҮЙ
Хуванцар бол далайд хамгийн их аюул учруулж буй томоохон хямрал гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Азийн орнуудын өнгөрсөн онд хамтран гаргасан Далайн байгаль хамгааллын тайланд дурдсанаар, жил бүр дэлхийн улс орнууд найм орчим сая тонн хуванцар хог хаягдлыг далайд хаядаг ажээ.
Энэ нь минут тутамд нэг хогийн машин дүүрэн хуванцар өдөр бүр далайд хаягддаг гэсэн үг юм. Жил бүр далайд хаяж буй найман сая тонн хуванцарын талаас илүү хувийг нь Хятад, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам тэргүүтэй Азийн орон хаядаг аж. Эдгээр нь Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудад тооцогддог бөгөөд хуванцар үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг.
Хэрвээ энэ байдлаараа далай, тэнгис дэх хуванцар хог, хаягдлын хэмжээ нэмэгдсээр байвал 2025 он гэхэд 250 сая тоннд хүрэхээр байгааг Дэлхийн далайн байгаль хамгаалах газраас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл 2050 он гэхэд далай тэнгисүүд загаснаасаа их хуванцартай болж магадгүй гэсэн үг юм.
Ц.Даваасамбуу