УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарын гурван гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн учир шалгаж өгөх хүсэлтийг "Бид уучлахгүй" хөдөлгөөнөс гаргаад буй. Үүний дагуу УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдсан ч дээрх гишүүдийг байлцуулж байж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хойшлуулсан юм. Тиймээс уг хүсэлтийг гаргасан "Бид уучлахгүй" хөдөлгөөн болон Ёсзүйн дэд хороон дарга Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
"Бид уучлахгүй" ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг:
-Авлигын эсрэг хуульд байгаа хийдлийг арилгахыг хүссэн албан бичгийг 2019 оны 9 сарын 4-нд төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Учир нь УИХ-ын гишүүдийн авлигатай холбоотой асуудлыг шалгаж болохгүй, мэдээллийг нь цуглуулаад л байж байдаг. Харин УИХ-ын Ёсзүйн дэд хороо шалгах, хариуцлага тооцох эрхтэй байдаг.
Гэхдээ Ёсзүйн дэд хороо ч мөн мөрдөн шалгах газар биш учраас хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Гэтэл Авлигын эсрэг хуульд өөрчлөлт хийх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өөрийнх нь орлого 15 дахин, гэр бүлийнх нь орлого 5 дахин нэмэгджээ. Энэ хүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн учир шалгаж өгөх хүсэлтийг 10 сарын өмнө гаргасан ч огтхон ч шалгаагүй. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөд мөн эрх ашгийн зөрчил үүсэх вий гэж хардаж байна.
"Бид уучлахгүй" ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Цэнд-Аюуш:
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цэг таслал андуурсан мэтээр ярьсан. Огт андуураагүй. М.Оюунчимэг гишүүний орлого өмнө нь 30 сая байсан бол гишүүн болоод 461 сая болж өссөн байна. Харин Ж.Мөнхбат гишүүн өмнө нь 195 саяын орлоготой байсан бол одоо тэрбум 50 сая төгрөгийн орлоготой болсон. Тэрээр 360 саяын зээл авсан гэдэг ч банкны шаардлага хангаж зээл авах боломжгүй байна гэж бид харж байна.