“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийг Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэхээр болсон.
Гэвч өнөөдрийг хүртэл АТГ-т тус хэрэг шилжиж очоогүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Эргэн сануулахад, “Жаст” группын захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авах гэрээг тэртээ 2009 онд үйлдсэн байдаг.
Түүнээс хойш 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160 сая ам.долларын зээл авчээ. Энэхүү онц ноцтой үйлдэлд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнээс хойш зургаан жилийн хугацаанд УМБГ, АТГ энэхүү хэргийг мөрдөн шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл шүүх гэм бурууг хэлэлцээгүй байгаа юм. Харин өнөөдөр “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, гэмт этгээдүүд ял завших эрсдэл үүсээд байна.
Өнгөрсөн хугацаанд дээрх хэргийг нотлох олон баримт хэвлэл мэдээллээр цацагдаж, буруутай этгээдүүд тодорхой болсон ч тэдэнд зохих ялыг нь оноогоогүй. Энэ бол хэргийн ард улстөрийн хамгаалалт буйг хэлээд байгаа юм. Тодруулбал, “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү МАН төр барьж байхад буюу С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2009 онд зээл авсан. Ш.Батхүү нь Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын хамгийн ойр дотнын хүн гэгддэг.
Ш.Батхүүг “Стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар батламж бүхий баталгаа гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал үүссэн. Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад батламж гаргаж өгсөн гэгдээд байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарыг УМБГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Барилаа, тавилаа л болсон.
Чухамдаа, Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан байж “Стандарт” банкнаас авсан зээл МАН-ын сонгуулийн санхүүжилт байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Үүнийг нотлох мэт, өнгөрөгч хавар шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн өрийг дарсан тухай мэдэгдэл хийсэн билээ.
Үүгээр ч зогсохгүй, АТГ “Эрдэнэт” үйлдвэрийн 2009-2017 оны хооронд хийгдсэн гүйлгээнүүд оффшор компаниудтай холбоотой байж болзошгүйг шалгаж эхэлсэн байна. Энэ хэрэгт тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд холбогдож байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд яваа энэ асуудлын талаар албаны эх сурвалж тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Цаг хугацааны давхцалаар энэхүү асуудлыг хөөж үзвэл, “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, гадны банкнаас зээл авах үед тус үйлдвэрийн ерөнхий захирлаар Ч.Ганзориг ажиллаж байсан. Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2007 онд тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр томилсон гэдэг. Ингээд С.Баярын хуурай дүү ”Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж Өмнөд Африкийн Стандарт банкнаас мөнгө зээлж эхэлсэн байх нь.
Ч.Ганзориг ч маш богино хугацаанд “долларын тэрбумтан” болжээ. Хамгийн сэжигтэй нь, Панамын баримтаар илэрсэн Монголын нэр бүхий 49 оффшорчноос зургаан данстай буюу хамгийн баян оффшорчноор Ч.Ганзоригийн дүү Ч.Батзориг тодорчээ. Ч.Батзоригийн хувьд ямар нэгэн томоохон бизнес эрхэлдэггүй гэх бөгөөд зургаан оффшор дансан дахь их хэмжээний мөнгөний ард Монголын ганц саалийн үнээ “Эрдэнэт”-ийн дэлэнг шувтарч суусан Ч.Ганзориг бий гэж хардах хүн ч цөөнгүй байдаг нь нууц биш.
Учир нь, Ч.Батзоригийн оффшорт данс нээлгэсэн цаг мөч Ч.Ганзоригийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байх цаг үетэй яг таараад байгаа юм. Бүр зургаагийн 6 данс бүгдээрээ Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байх үед нээгдсэн байжээ.
Юм гэдэг учир жанцантай гэдэг л энэ болов уу гэлтэй. “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг өдийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагийн цаад шалтгаан энэ бололтой.
Б.Наранчимэг