Ардчилсан намын дарга С.Эрдэнээс Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаягласан найман асуулт бүхий асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өглөө.
Тус асуулгад яагаад Монгол улсын өрийн хэмжээ нэмэгдсэн, Хуралдай бондыг Евро бондоор сольсон уу гэх зэрэг эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой асуултууд багтсан байсан юм.
Хамгийн анхаарал татсан өрийн хэмжээ болон Хуралдай бондын талаар албан бичигт “Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны 6 сараас 2018 оны 6 сарын хооронд нийт 3.5 тэрбум ам доллараар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оны 6 сараас 2018 оны 6 сарын хооронд хөтөлбөрийн зээлийн хүрээнд 706.0 ам доллар, төслийн зээлийн хүрээнд 611.1 сая ам. доллар нийт 1.317.1 сая ам. доллар авч ашигласан бол, 143.4 сая ам. долларын үндсэн төлбөрийг төлсөн” гэсэн байна.
Харин Хуралдай бондын талаар “Монгол Улсын Засгийн газар дампуурлаа зарлах, эсвэл шинээр валютын эх үүсвэр босгох гэсэн сонголтоос Монгол Улсын Засгийн газар хоёр дахь сонголтыг илүү гэж үзэн 600.0 сая ам.долларын “Хуралдай” үнэт цаасыг 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай арилжаалан эх үүсвэр бүрдүүлсэн” гэж хариулжээ.
Төсөвтэй холбоотой Ардчилсан намын дараагийн нүүдэл юу байх вэ?