Мэргэжлийн боксын тамирчин Патрик Дэй 27 насандаа мөнх бусыг үзүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт Чарльз Конвеллтэй Чикагод хийсэн тулааны үеэр хүнд цохилт нокаутад оржээ.
Боксчныг ивээн тэтгэдэг ДиБелла Энтертайнментаас Патрик Дэй хүнд цохилтод орох үеэрээ бямба гарагийн шөнө тархиндаа бэртэл авсан тухай мэдээлсэн юм. Үүнээс хойш дөрөв хоногийн дараа буюу орон нутгийн цагаар лхагва гарагт нас баржээ.
Патрик Дэйг амьсгал хураахад гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхөд, боксын спортын баг тамирчид төдийгүй зөвлөх, дасгалжуулагч, анд нөхөр нь байсан Жое Хиггинс цуг байжээ. Мөн ДиБеллагаас Патрикийн гэр бүл, түүний багийн нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэн залбирч, хайр энэрлээ харамгүй хайрласан бүхэнд талархал илэрхийлжээ.
Конвелл Твиттер хуудсандаа “ийм зүйл тохиолдоно гэж огт санасангүй. Би ердөө тэмцээнд ялахыг л хүсч байсан. Хэрэв бүгдийг буцааж чаддаг бол цаг хугацааг ухраамаар байна. Яагаад ийм зүйл болчихсон юм бэ” хэмээн бичсэн байна.
2016 оны Олимпийн наадамд хүч үзэж байсан Конвелл бямба гарагт болсон тэмцээний үеэр 10 дахь раундад Патрикийг нокаутад оруулсан юм. Гэвч тэр хэдэн минутын турш босоогүй тул эмч нар Нортуэстэрн эмнэлэг рүү аваад явжээ.
ДиБелла Энтертайнментийн эзэн Жое ДиБелла “Патрик боксоор хичээллэхийн оронд сурч боловсрох сонголт байсан. Гэсэн ч тэр боксын дэвжээнд гарсан хүн бүхний өмнө тулгардаг эрсдлийг мэдсээр байж энэ спортыг сонгосон. Үүгээр дамжуулж Пат бусад хүмүүст урам зориг өгч, өөрийгөө амьд байгааг мэдэрдэг байсан учраас хайртай байсан” хэмээн ярьсан байна.
Патрик Дэй мэргэжлийн боксын спортын тамирчин болохоосоо өмнө сонирхогчийн боксоор хичээллэж өндөр амжилт гаргаж байсан юм. Түүний амжилтын оргил үе 2012 он бөгөөд тухайн жилд Нью-Йоркийн алтан бээлийний эзэн болж, Олимпийн наадамд оролцох багт багтсан билээ. 2013 онд мэргэжлийн боксын дэвжээнд гялалзаж, амжилтын буухиагаа үргэжлүүлсээр 2019 он гэхэд мэргэжлийн боксын спортын шилдэг 10 тамирчны тоонд зүй ёсоор орсон юм.
Эх сурвалж: www.cnn.com