ГИХГ-ын дарга Д.Мөрөн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр,
-Монгол Улсад энэ оны аравдугаар сарын байдлаар түр болон алба, хувийн хэргээр оршин суугаа 131 улсын 28 268 гадаадын иргэн байна. Үүнээс БНХАУ-ын 13 764, АНУ-ын 2 589, ОХУ-ын 2 556 иргэн амьдарч байна.
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон 2 995 гадаадын иргэн манай улсад амьдарч байгаа юм. Түүнчлэн цагаач болон харьяалалгүй 1927 иргэний ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байна.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэгчээр оршин суух завшөөрөл олгосон гадаадын иргэдийг улсаар авч үзвэл БНХАУ-ын 6 993, Австрали улсын 216, БНСВУ-ын 193 иргэн байгаагаас Дорнод аймгийн "Петро чайна дачин тамсаг" ХХК-нд 1 155 хятад иргэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 17 орны 271 хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн. Үүнээс 156 хүүхэд АНУ иргэнд, 35 хүүхэд ХБНГУ-ын иргэнд үрчлүүлсэн бөгөөд бүх хүүхдүүд хэрхэн өсөж байгаа мэдээллийг байнга хүлээн авдаг.
Албадан гаргасан иргэдийн хувьд визний 30 хоног хэтрүүлсэн. Виз олгодог консулын газруудыг хянаж шалгах ажлын хэсэг байгуулагдсан.
Сүүлийн үед ажиллах зөвшөөрөлтэй ч өөр чиглэлээр ажиллаж байгаа 113 иргэний зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэвч гурав хоногийн өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 32 иргэнийг ажиллуулах зөвшөөрөл хүссэн. Эдгээр иргэдийн дийлэнхийн ажиллах эрхийн зөвшөөрлийг урьд нь хүчингүй болгосон байдаг.