ОХУ-ын төрийн мэдлийн мэдээллийн сувгуудаар өнгөрсөн наймдугаар сард нууцлаг дэлбэрэлт болсон цэргийн туршилтын талбайн орчимд явж байсан АНУ-ын гурван дипломатчийг баривчлан саатуулсан тухай мэдээлжээ. Москва дахь Америкийн элчин сайдын яам мэдээллийг баталсан байна.
Оросын Гадаад хэргийн яамны мэдээгээр тэдгээр дипломатууд өөр хотод очих гэж байсан ч төөрсөн байх гэжээ. Дипломат албаны ажилтнууд цэргийн хориотой бүсийн ойролцоо Северодвинск хотод галт тэргэнд явж байгаад даваа гарагт саатуулагдсан байна.
Америкийн дипоматчдыг саатуулсан тухай мэдээлэл гарахаас хэдхэн хоногийн өмнө Вашингтоны зүгээс Оросын тал Баренцын тэнгисээс цөмийн цэнэгтэй пуужинг гаргах гэж байгаад осол гарч цөмийн дэлбэрэлт болсон гэж дамжуулаад байсан юм.
Интерфакс агентлаг АНУ-ын иргэдийг цэргийн атташе болохыг дамжуулж, баривчлаад удалгүй сулласан ба хориотой бүсэд нэвтрэхийг оролдсон хэмээн хариуцлага тооцож болзошгүй гэжээ.
Харин албан ёсны мэдээллээр дипломатууд Оросын Батлан хамгаалах яаманд очих газраа мэдэгдсэн байсан ба албан ажлаар Архангельск орох ёстой байсан ч Северодвинскийн чиглэлд явсан байсан гэжээ.
Өнгөрсөн наймдугаар сард цэргийн туршилтын талбайд болсон дэлбэрэлтийн улмаас багадаа таван хүн амиа алдсан ба Северодвинскийн орчимд цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийнээс 16 дахин их болсон юм.
Эх сурвалж: www.theguardian.com