Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын хурал Парис хотноо үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон гэсэн мэдээллийг зарим улс төрч гаргасан билээ. Тэгвэл энэ асуудлын хүрээнд дөнгөж сая Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон эсэх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Хурал яг одоо үргэлжилж байна. Баасан гарагт энэ жагсаалтад орсон эсэхийг зарлаж магадгүй” гэсэн юм.
Мөн Монгол Улс “саарал жагсаалт”-д орохгүй байх нөхцөлийг хангасан гэлээ. Өөрөөр хэлбэл, ФАТФ-ын “сааралт жагсаалт”-д орох шаардлагад тухайн улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 20, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн ес хүртэлхийг хангаагүй бол оруулах тухай заасан байдаг аж. Тэгвэл наймдугаар сард болсон Ази Номхон далайн бүсийн орны бүлгийн уулзалтаар Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 35-ыг, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангасан байна. Тиймээс шалгуураар бол Монгол Улс “саарал жагсаалт”-д орохгүй байх нөхцөлөө хэдийнэ хангажээ.