АНУ Сирийн хойд нутгаас цэргээ татсаны дараа Турк улс хилийн бүс орчимд дайралт хийж, хилийн зурвасаас 30 км-т хяналтаа тогтоохоор гал нээсэн. Вашингтоны зүгээс Турк улсыг галаа зогсоохыг шаардаж, хориг тавихаа мэдэгдсэн юм.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг хүсэлт шаардлагын хариуд Америкийн хориг арга хэмжээ төдийгүй Сирийн хүчний дайралтыг үл тоож, Сирийн хойд нутагт галаа зогсоохгүй хэмээн мэдэгджээ. Эрдоган Азербайжан улс руу айлчлах замдаа “Тэд гал зогсоох тухай ярьж байна. Бид хэзээ ч галаа зогсоож террористуудтай хэлэлцээрийн ширээнд суухгүй” гэж хэлсэн байна.
Түүнийг ийн мэдэгдэл хийх зуур ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн Засгийн газрын цэргүүд Манжиб тосгон болон ойролцоох бүс нутагт хяналтаа тогтоосон тухай мэдээлжээ. Оросын Засгийн газар Турк-Сирийн мөргөлдөөнийг ажиглаж байгаа ч Сири дэх В.Путины төлөөлөгч Александр Лаврентиев Тасс мэдээллийн агентлагт өгсөн яриандаа Москва Турк-Сирийн хуурай газрын тулаанд оролцохгүй гэжээ.
Туркууд Сирийн хилийн орчимд явуулж буй цэргийн ажиллагаагаа “Энх хаврын ажиллагаа” хэмээн нэрлэж террористууд буюу Курдын зэвсэгт хүчнийг үгүй хийж Сирийн хоёр сая гаруй дүрвэгчийг газар нутагт нь буцаана хэмээн мэдэгдэж байгаа юм.
Энэ хооронд Америкийн дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен нар Анкараг зорьжээ. Тэд Сири дэх Туркийн цэргийн ажиллагааг зогсоох тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Туркийн арми гал нээснээс хойш 275,000 гаруй иргэн дүрвэсний 70,000 хүүхдүүд байна. Сирийн нутаг дэвсгэрт 75 энгийн иргэн амиа алдаж, 450 гаруй хүн шархаджээ.
Эх сурвалж: www.cnn.com