Ардчилал, эрх чөлөөний төлөөх жагсаал газар авсан Хонконгийн удирдагч Кэрри Лам өнөөдөр жил бүр танилцуулдаг улс төрийн төсөл, төлөвлөгөөгөө Парламентад илтгэх ёстой байсан юм. Түүнийг үг хэлж эхлэхэд Парламетын сөрөг хүчний гишүүд орилж хашгирч эсэргүүцэл үзүүлснээр түр завсарлажээ. Түр завсарласны дараа Кэрри Лам яриагаа үргэлжлүүлэх гэсэн боловч дахин эсэргүүцэлтэй тулгарч бүрмөсөн зогсоосон байна. Тэрээр хэлэх үгээ видео бичлэг болгон хүргэхээ мэдэгджээ.
ВВС агентлагийн дамжуулж байгаагаар энэ нь олон сар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан Бээжинтэй хэрэгтэн солилцох хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татах боломжгүй гэсэн санааг илтгэж байна гэжээ.
Өнгөрсөн долдугаар сард хуулийн саналыг түдгэлзүүлсэн ч бүрмөсөн эргүүлэн татаагүй юм. Үүнээс хойш хууль тогтоох зөвлөл өнөөдөр анх удаа хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаан Хонконгийн нутаг дэвсгэрт үүсч буй эмх замбараагүй байдлыг шийдвэрлэх чухал өдөр байсан ч сөрөг хүчнийхэн ийнхүү таслан зогсоожээ.
Хонконгийн сөрөг хүчний улс төрчид танхимын ханан дээр “Нэг биш таван шаардлага” хэмээн жагсагчдын уриалгыг тодоор бичсэн байна. Сөрөг хүчний эрх баригч Танья Чан хотод үүссэн эмх замбараагүй байдал, саад бэрхшээлд Лам буруутай гэжээ. Тэрээр “Кэрри Ламыг хуулийн төслийг эргүүлэн татах, аль эсвэл бүрмөсөн үгүйсгэнэ гэдэгт итгэж байсан. Тэр төр удирдах чадваргүй, гүйцэтгэх засаглалын тэргүүн байхад тохиромжгүй хүн. Кэрри Лам хоёр гараа цусанд хутгалаа” хэмээн ширүүнээр шүүмжилсэн байна.
Анх удаа Хонконгийн удирдагч Парламентын танхимд үг хэлж чадалгүй хөөгдөж гарч буй тохиолдол ажээ.
Харин Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигч эрх баригчид Парламентын хуралдааныг тасалдуулсан үйл явдлыг хурцаар шүүмжлэн буруутгасан байна. Хотын эдийн засгийн ирээдүйг төлөвлөх чухал үйл явдал байсан гэжээ. Кэрри Ламын бичлэгийг Legco цахим хуудсанд байршуулах юм байна.
Эх сурвалж: www.bbc.com