БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дархан цаазат, цаст Паэкту уулнаа гарч цагаан морьтой давхиж буй зургийг төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар цацлаа. Паэкту уул нь Умард Солонгосын хамгийн ариун дагшин газар бөгөөд удирдагч Ким онцгой чухал үйл явдлыг тэмдэглэх үедээ ийшээ ирдэг аж. Энэ удаад чухам ямар үйл явдлыг дэлхий дахинд тунхаглаж, дархан цаазат уулнаа цагаан морь унасныг ажиглагчид олон талаас тайлбарлаж байна.
Юун түрүүнд Умард Солонгосын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг “Дэлхийг гайхшруулах агуу үйл явдал болох гэж байна. Удирдагч Паэкту уулнаа морин дэл дээр мордсон нь Солонгосын хувьсгалын түүхэнд бичигдэх чухал үйл явдлыг тэмдэглэж байна” хэмээн Кимийн зургийг танилцуулахдаа мэдээлжээ.
Одоогоор Ким Жон Ун чухам юу төлөвлөсөн нь нууцлаг байгаа ч өнгөрсөн хугацаанд тэрээр хэд хэдэн чухал шийдвэр гаргахдаа дархан цаазат уулын оройд гарсан байдаг.
Олон улсын ажиглагчид түүний энэ удаагийн үйлдлийг Умард Солонгос улс олон улсын хориг, цөмийн зэвсгийн дарамт, баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн эсрэг баттай зогсож буйгаа онцлон тэмдэглэсэн үйл явдал хэмээн харж байна. 2017 оны сүүлээр Умард Солонгос тив хооронд харвах хүчин чадалтай холын зайн баллистик пуужин туршсаныхаа дараа, шинэ жилийн үеэр үг хэлэхээсээ хэдэн долоо хоногийн өмнө Паэкту уулнаа гарч байжээ. Шинэ оноо угтаж хэлсэн үгэндээ Өмнөд Солонгос улстай холбоо харилцаа тогтооход үүд хаалгаа нээж байна хэмээн онцолсон юм.
Харин өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг түүхэн дээд хэмжээний уулзалтын үеэр дархан цаазат ууланд аваачжээ. Хэдийгээр Өмнөд Солонгосын зуучилсан Америк-Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр царцанги байдалд орсон ч Ким энэ оны төгсгөл хүртэл Америкийг уян хатан байр суурь баримтлахыг хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Үүнээс гадна удирдагч Кимийн энэ удаа харуулсан дүр төрх барууны орнуудын уран зөгнөлт Хаадын тоглоом, Бөгжний эзэн, Нарниагийн түүх зэрэг кино бүтээлүүдэд гардагтай ижил харагдсаныг хэвлэлүүд дурдсан байна.
Цагаан морьтой, цаст ууланд гарсан Кимийн зургийн эргэн тойронд гарч буй таамаг сэжгүүдээс онцлууштай нь зарим ажиглагчид Умард Солонгосыг тун удахгүй сансарт хиймэл дагуул хөөргөж магадгүй гэж үзжээ. Ингэснээр тус улс эдийн засаг, технологийн хүч чадлаа дэлхий нийтэд харуулах юм.
Бүр эсрэгээрээ Кимийн уг дүр зураг суртал ухуулгын нэг хэсэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж Ерөнхийлөгч Дональд Трампын ажлын хэсгийнхний анхаарлыг татах гэсэн оролдлого ч гэж үзэх хүмүүс байна.
Эх сурвалж: www.theguardian.com