Монгол Улсыг Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас СААРАЛ ЖАГСААЛТАД оруулах болсон талаарх мэдээлэл тархаж эхэлсэн. Энэ асуудлын хүрээнд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр цахим хуудастаа "Маш хүнд байна. Ажиллаж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хараахан мэдээлэл ирээгүй байна" гэсэн тайлбарыг өгөөд байгаа билээ.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан бид "Монгол Улс саарал жагсаалтад орвол ямар эрсдэлтэй вэ" гэсэн асуудлаар УИХ-ын зарим гишүүдээс тодруулж байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
"Өмнө нь бид бас Саарал жагсаалтад орж байсан. Тухайн үед арга хэмжээ аваад гарч байсан. Тэрнээс хойш энэ том асуудлыг өндөр хэмжээнд аваад, өндөр ач холбогдол өгөх ёстой байтал жижиг түвшинд анзаарахгүй явж ирснээр өнөөдрийн нөхцөл байдал үүслээ.
2011-2014 оны хооронд манай улс саарал жагсаалтад орж байсан. 2014 оны зургаадугаар сард Монгол Улсын баг очиж ажиллаж байж гаргасан. Эдийн засгийн уналтын гол шалтгаантай жилүүд байсан. Гэхдээ Саарал жагсаалтад орсноос болоогүй л дээ.
Одоо хэрэв Саарал жагсаалтад орвол ААНБ, иргэдийн гадаад гүйлгээ зогсоно гэх мэт ярьж байна л даа. Энэ бол шууд шалтгаан биш. Дотоод банкуудын гадаадын банкуудтай хийх гүйлгээ, харилцаа муудаж байгаа нь сүүлийн хэдэн жил болж буй үзэгдэл. Манай банк санхүүгийн зах зээл жижиг, савлагаатай байна. Ашиггүй болж ирж буй учраас гүйлгээ хумигдаж ирж байгаа хэрэг" гэлээ.
-Саарал жагсаалтад орсон энэ удаагийн учир шалтгаан өөр үү?
-2007 онд Монгол Улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулиа баталсан. Дэлхий нийтээрээ терроризмтэй тэмцэх хуулиа баталсан учраас Монголчууд дэлхийн нийтийн жишгийг дагана, та бүхэн тусалж дэмжээрэй гэсэн хүсэлт гаргасан. Одоо нөгөө хуулиа дагаж мөрдөх дээрээ алдаа гаргаж байна. Ер нь гарааны нөхцөл байдал ийм л байсан. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хууль болон бусад олон хуулиуд дээр анхан шатны маш сайн зохицуулалт хийж чадсан л даа. Гарааны нөхцөл байдлаа бид сайн өөрчилж чадсан гэсэн үг. Тиймээс бид саарал жагсаалтаас гарч чадаж байсан л даа.
-Арилжааны банкуудын активаа бүрдүүлсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр нотолж чадаагүй гэж байна шүү дээ?
-Эдийн засаг сүүлийн жилүүдэд маш их тэлж байна. Мөнгөн урсгал нэмэгдэхийн хэрээр хяналт сайн тавьж чадаагүй байх магадлалтай. Тиймээс ОУВС-аас манайд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд банкууд дээр хийж байгаа актив хөндөгдөж буй юм билээ. Яг ямар шалтгаанаар хөндөгдсөн эсэх талаарх мэдээлэл алга.
-Таны олж авсан мэдээллээр ямар шалтгаанаар манай улсыг Саарал жагсаалтад оруулсан байсан бэ?
-Миний олж уншсанаар дөрвөн шалтгааныг тод дурдсан байна. Нэгдүгээрт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар манай эдийн засаг руу орж ирж байгаа мөнгө нь манай улсын ДНБ-ээс давсан мөнгөн дүн байна лээ
Хоёрдугаарт, 2007 оноос хойш баталсан хуулиудыг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлсэн, ямар арга хэмжээ авсан нь хангалтгүй байна.
Гуравдугаарт, Банкны байгууллагуудаас гадна зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буюу хяналтгүй мөнгөн урсгалууд багагүй хэмжээнд байна. Үүнийгээ хянадаг бол гэсэн шаардлагууд байсан.
Саарал жагсаалтад орлоо гэхэд яаж энэ бүхнээ хурдан засах вэ, богино хугацаанд эдийн засагтаа шок авахгүйгээр гарах вэ гэдэг л чухал байна.