Нидерландын Дренте мужийн алс хязгаарт фермийн байшингаас ахимаг насны эрэгтэй болон зоорийн давхарт амьдарч байсан насанд хүрсэн хүүхдүүдийг олж сулласан тухай The Guardian мэдээлжээ. Тэднийг олж байшингаас гаргах хүртэл хүүхдүүд гадаад орчинд гаралгүй багагүй олон жилийг өнгөрөөсөн байна.
Ах дүү зургаагийн хамгийн ууган ах 25 настай бөгөөд тэрээр орон нутагт байдаг Кастелейн кафед орж ирсэн байна. Уг кафены эзэн Крис Вестербикийн хэлснээр сахал үс нь ургасан залуу 10 хоногийн өмнө анх удаа иржээ. Тэр таван шил шар айраг захиалж уусан байна. Өнгөрсөн ням гарагт хоёр дахь удаагаа ирэхдээ нилээд таагүй байдалтай харагджээ.
Кафены эзэн түүнтэй ярилцахад хаа нэг газраас зугтаж ирсэн ба тусламж хэрэгтэй, хэзээ ч сургуульд явж үзээгүй гэдгээ хэлсэн байна. Вестербик үүнийг сонсоод цагдаа дууджээ.
Одоогоор хүүхдүүдийн ээж болон тэд уг байшинд хэр удаан хоригдож амьдарсан талаар ямар нэг баттай мэдээ байхгүй. Магадгүй ээж нь энд амиа алдаж, оршуулсан байж болох юм. 25 настай залуу дүү нартайгаа хамт байгаа бөгөөд амьдралын замнал нь дуусахыг хүлээж байгаа, ес орчим жил гадаа гараагүй гэж ярьжээ.
Дренте мужийн цагдаа нар Рюнерволд тосгоны ойролцоох байшинг шалгахаар очихдоо тэндэхийн орчин, нас биенд хүрсэн олон хүн бөглүү орон зайд амьдарч байгааг хараад сэтгэл зовнижээ. Болсон явдлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан хүүхдүүдийн эцэг гэх 58 настай эрэгтэй фермийн байшинг түрээсэлж байжээ. Цагдаа нар түүнийг саатуулсан байна. Зарим эх сурвалжууд уг эрэгтэйн нэрийг Жозеф Б гэж дамжуулсан ба тэдний төрсөн эцэг биш гэжээ.
Рюнерволд тосгонд амьдардаг 4,000 гаруй оршин суугч уг эрэгтэйг ганцаараа хуучны Volvo автомашинтай явж байсныг харсан учир хэн нэгэнтэй хамт амьдардаг гэж бодоогүй байна. Гэхдээ зарим гэрчүүд хэдэн жилийн өмнө бага насны хүүхдүүд байсныг харсан тухайгаа ярьжээ. Мөн эрэгтэйг эзгүй байхад байшингаас чимээ гарч байсан гэжээ.
Хөршүүдийн ярьснаар ахимаг насны сэжиг бүхий эрэгтэй Австри тосгонд байсан, германаар ярьдаг, есөн жилийн өмнө нүүж ирсэн маш хурц төрхтэй хүн гэдгийг тодорхойлсон байна.
Цагдаа нар ах дүүст анхаарлаа хандуулж, өнгөрсөн хугацаанд энэ байшинд болоод дотор нь байгаа хүмүүст чухам юу тохиолдсон нь нууцлаг байгаа тул бүх боломжтой нөхцлөөр хэргийг судалж, шалгаж байгаа гэв. Тэд өөрсдөө ногоо тарьж ургуулан, ямаа, галуу тэжээж хүнсээ бэлтгэдэг байсныг илрүүлжээ.
Албан бус эх сурвалжууд байшингийн зочны өрөөний хананд нууц өрөө байсан, хүүхдүүд 16-25 насных, цагдаад баригдсан ахимаг насны эцэг нь хэдэн жилийн өмнө харваж байсан зэрэг мэдээллийг дамжуулжээ. Байшингаа түрээслүүлсэн эзэд болон Клаас, Алида Руз нар энэ тухай огт мэдээгүй, олон жил нэг хүнд түрээслүүлж байгаа гэж бодож ирсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com