Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ханхүү Уильям, эхнэр Кэйт Мидлтоны хамт Пакистан улсад айлчилж байна. Тэд нийслэл Исламабад хотод Британий бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зохион байгуулсан арга хэмжээнд ирэхдээ рикша унан зочилсон нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ.
Автомат рикша унан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд ирэхдээ Кэйт ногоон өнгийн гялтганасан даашинзаар гоёсон бол ханхүү Уильям Пакистаны уламжлалт хослол шерванигаар гангарсан байна.
Кэмбрижийн гүн Уильям үндэсний хувцсыг сонгосноо “Пакистан улсад зэвсэгт мөргөлдөөн, халдлагын улмаас тоймгүй олон иргэн амиа алдсан. Өнөөдөр бид тэдгээр хүмүүст улс орныг өнөөдрийн энэ түвшинд хүрэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсанд хүндлэл үзүүлэхийг хүссэн юм. Британи бол та бүгдийн ойрын түнш, анд нөхөр байх болно” хэмээн тайлбарласан байна.
Тэд Пакистан улсад тав хоногийн хугацаатай айлчилж байгаа юм. Айлчлалынхаа эхэнд сургуулийн хүүхдүүдтэй уулзаж, крикетийн спортын од байсан Ерөнхий сайд Имран Хантай үдийн зоог барьжээ.
Ханхүү Уильям, Харри нарын ээж Уэльсийн гүнж Диана нас барахаасаа өмнө Пакистанд хэд хэдэн удаа айлчилж байсан юм. Уильям ээжийнхээ явсан газруудаар зочлоход 14 настай сурагч охин ангийнхаа найзуудын хамт Диана гүнжийг бишрэн шүтдэг тухайгаа хэлжээ. Ханхүү охиныг өхөөрдөж “би ч бас ээжийнхээ шүтэн бишрэгч” гэж хариу барьсан байна.
Диана гүнж Уильямыг бага байхад гурван ч удаа Пакистанд хандивын арга хэмжээний хүрээнд зочилж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com