Испанийн зүүн хойд хэсэгт байрлах Каталони муж салан тусгаарлах оролдлого хийсээр, иргэдийн жагсаал тэмцэл хоёр дахь хоногтоо үргэлжилжээ. Каталони мужийн нийслэл Барселона хотод жагсагчид Засгийн газрын байрууд руу дайрахыг оролдож, цагдаа нар гал нээсэн байна.
Энэ долоо хоногийн даваа гарагт Каталан үндэстний салан тусгаарлагчдын толгойлдог есөн хүнд 9-13 жил хүртэл хорих ял оноосноор иргэдийн жагсаал тэмцэл газар авсан юм. Каталони мужийн захиргааны төлөөлөгч Меритксел Будогийн хэлснээр мужийн эрх баригчид жагсагчдын сэтгэлийг ойлгож, нөхцөл байдалд уян хатан хандаж байгаа гэжээ.
Испанийн Засгийн газрын эрх баригчид иргэдийг жагсаал тэмцэлд өдөөн хатгасан хэргийг нягтлан шалгахаа мэдэгдсэн байна. Жагсагчид Ардчиллын Цунами апп ашиглан жагсаалд нэгджээ.
Жагсаал нийслэл Барселонагаас гадна каталанчуудын амьдардаг Жирона, Таррагона хотуудад болсон байна. Даваа гарагт Барселонагийн нисэх буудалд болсон жагсаалын улмаас 100 орчим нислэг цуцлагдсан юм. Мөн гурван хүнийг баривчлан саатуулж, есөн хүн бэртэж эмнэлгийн тусламж авсан гэж ВВС мэдээлэв.
Тусгаар тогтнолыг дэмжигчид Испаниас бие даахын тулд 7,5 сая иргэнийг хамруулсан бүх нийтийн санал хураалтыг дахин явуулахаар иргэдийг уриалах төлөвлөгөөтэй байна.
Салан тусгаарлах хүсэлтэй тэмцэгчид 2017 онд тусгаар тогтнох бүх нийтийн санал хураалт явуулсан боловч Испаний Засгийн газар үүнийг хууль бус үйлдэл гэж үзсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com