УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
…УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Прокурорын ирүүлсэн бичгийг үзсэн. Гишүүдийг, тэр битгий хэл бичиг өгсөн гишүүдийг хүртэл оруулж ирэх юм байна. Гэмт хэрэгт хатгах гэсэн үгтэй бичиг өгсөн бол тэрүүгээр дараа нь орж ирнэ. Тэгэхээр ганц Батзоригийн асуудал биш ээ. Дараа нь хэд хэдэн гишүүд, дөрөв, тав гэж байна. Содоо 10 гэж хэлж байна. Тийм юм байхгүй. Бичиг өгсөн гишүүдийг бүгдийг нь оруулж ирнэ. Тэгээд яах юм, бид нар бүгдээрээ кнопдоод суух юм уу. Батзоригийг явуулаад МАН сайхан харагдах юм уу, УИХ их сайхан харагдах юм уу, тийм юм байхгүй шүү дээ. Гантулгыг явуулаад сайхан харагдсан юм уу. Журмынхаа нөхдийг зүрх шимшрэн байж явуулсныг олонх нь харсан байлгүй. Явуулж болохгүй байсан. Гүндалайг тендерийн хэргээр эрхийг нь түдгэлзүүье гээд бичиг ороод ирэхэд АН яаж улайрч гүйж байгаад авч үлдэж байлаа даа. АН өөр байдаг юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг юм, Содоо чи ийм юмаа өгчих, найзын хувьд ч гэж байх шиг. Тийм юм байхгүй ээ. Хэдүүлээ бодитой байцгаая. Дараа нь бичиг өгсөн гишүүд болгоныг чинь оруулж ирнэ. Тойргийнхоо гишүүдийг ийм компанийг дэмжээд өгөөч гэсэн юм орж ирнэ. Дараа нь концесс орж ирнэ, дараа нь тендер орж ирнэ. Сангийн яаман дээр ийм зузаан тендер дээр дүгнэлт гаргуулахаар бичиг ирсэн байж байгаа. Тэгээд цаашаа явна. Бид нар яах юм бэ. Нийгэмд сайхан харагдах гэж байгаа юм уу. Миний нэр биш юм чинь гээд явуулах юм уу. Анхнаас нь Гантулга дээр бид нар хатуу байх ёстой байсан. Би “…Болохгүй ээ” гэж хэлж л байсан. Тийм учраас бид нар нэлээн хатуу байр суурьтай явах ёстой гэж бодож байна. Дараагийн нэг асуудал нь, улс төрийн эмзэг хүнд нөхцөлд шийдвэр яаж гаргах ёстой вэ гэдэг байна. Манайхны нэлээд олон хүний үгнээс сонсож байна л даа. Ингээд сошиалаар явангуут тэрийг дагаад явчих юм уу. Эсвэл тэр нэг хүн тэгээд хэлчихээр зөв юм уу. Би зүгээр хувь хүнийхээ хувьд улс төрийн хүнд үед, эмзэг үед, эрсдэлтэй үед хүн чанар, ёс жудаг, ноён нуруугаа бариад шийдвэр гарга гэж байр сууриа илэрхийлэх гэсэн юм” гэхэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “…Хууль гэсэн үг биш ээ, Хүрэлбаатар сайд аа” гэв.
Ингэснээр Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол хоёрын дунд маргаан өрнөв.
Ч.Хүрэлбаатар “…Би өөрийг чинь донгосож байхад юм яриагүй шүү. Би өөрийнхөө зөвлөгөөг хэлж байна. Чи өөрөө нэг л хүн” гэхэд Д.Оюунхорол “…Чи харин бага донгосоорой” гээд Ч.Хүрэлбаатар “…За больж үз. Өөрөө бас явна шүү дээ. Тийм юм байхгүй шүү. Наад шалгалтын дүн чинь 2017 оны…” гэхэд нь Д.Оюунхорол “…Чи эрүүгийн гэмт хэрэгтэн болгож байна гээд” хэмээн хариу барив.
Энэ үед Бүлгийн дарга Д.Хаянхярваа “…За Оюунхорол оо, Хүрлээ” гэхэд Ч.Хүрэлбаатар “…За больж үзээрэй. Битгий солиороод байгаарай. Дандаа худлаа ярьж хүн гүтгэж явахаа болиорой. Тийм учраас би гишүүддээ дахин хэлье” гэлээ. Д.Оюунхорол хариуд нь “…Хариуцлага хүлээх шаардлагатай бол чи ч хүлээх ёстой” гэхэд Ч.Хүрэлбаатар “…Донгосоод байгаарай. Чам шиг юмаар амаа заалгахгүй шүү. Би гишүүддээ хэлье. Анх удаагаа сонгогдож байгаа гишүүддээ дахиад хэлье. Иймэрхүү ярианууд биш, улс төрийн эгзэгтэй, хүнд эрсдэлтэй ойлгомжгүй нөхцөлд ноён нуруу зарчмаа барьж шийдвэрээ гаргацгаагаарай. Яагаад үүнийг хэлээд байгаа вэ гэхээр эргээд дараа хуралдвал яасан юм бэ. Нөхцөл байдлаа тодруулбал яасан юм бэ. Ийм хүч сулруулах ярианууд гараад байгаа учраас би ийм байр суурь илэрхийлж байгаа юм” гэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “…Оруулж ирж байгаа бичгийг харж байхад энэ туршилт байх шиг харагдсан шүү. Үүний араас олон хүний юм орж ирж магадгүй. Би Эрүүгийн хуулийг айхтар хэрэглэж явсан туршлага муутай. Гэхдээ бас нэг ерөнхий ханыг нь хараад байна. Нямдорж сайд зэрэг хүмүүс үзнэ биз. Яллагдагчаар татсан зүйл ангийг харж байхад маш олноороо орж ирэхээр байна. Бичиг өгсөн гишүүд, зээл авсан гишүүд улс төрд нөлөө бүхий этгээд энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн, хатгагч гээд хамрагдаад ороод ирэх юм байна лээ. Хатгагч бол үйлдсэн хүнээс багагүй ял авна. Эрүүгийн хуулийн нэг, гуравдугаар зүйл дээр байна уу даа, төсөвт захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаггүй хүнд хамаарах зүйл ангиар Батзориг сайдыг яллагдагчаар татсан тогтоол гарсан юм байна. Цаашаа бүгд хамрагдаад явах юм руу гүйж байгаа юм байна. Ерөнхийлөгч чуулган дээр “..Их олон гишүүний асуудал орж ирнэ, оруулж ирнэ гэх юм байна лээ” гэж хэлж байна лээ. Тэр нь ор үндэсгүй юм биш байна гэж харж байна. Тэгэхээр үүн дээр нухацтай хандах ёстой. Хоёр дахь зүйл бол сайд нар хоёр, хоёр сарын зайтай явлаа. Хариуцлага тооцож байгаа нэртэй. Одоо энэ Засгийн газарт ажил хийх зоригтой хүн байхгүй. 81 хувийн зориг байж үлдсэн 20, 30 хувьд нь ажил явагддаг. Гал барьсан хүмүүс сайд нэртэй явж байна. Өглөө ажилдаа оччихоод, орой буцдаг албан хаагч болж хувирлаа. Мөрийн хөтөлбөр, нөгөө ажил төрөл хаачих вэ. Би бас Ерөнхий сайдыг өмнөх бүлгийн хурал дээр хүмүүсийн үгийг сонсох юм болов уу гэсэн чинь шууд “…Хариуцлага тооцно” гээд хэлчихээр гайхсан байхгүй юу. Одоо ингээд нэг нэгээр нь намнана шүү дээ. Одоо дараагийн бай хэн бэ. Хүрэлбаатарыг ухъя. Бүх тендерийг нь ухъя.
Сарангэрэлийг ухъя. Эрүүл мэндийг дэмжих санг ухъя. Тэгээд бүх нийтээрээ ухна. Энэ бол гарцаагүй. Ерөөсөө энэ тойрог руу бид нар орсон. Энэ тойргоос яаж гарах юм бүү мэд. Арай өөр юмнууд харагдаж байсан. Тэр рүүгээ бол явахгүй болчих шиг болох юм даа. Гурав дахь нэг зүйл нь болсон болоогүй хүмүүсийг албан тушаал дээр аваачиж тавьдаг, шахдаг. Сайд нар нь ч бас анзааралгүй тавьдаг байх. Эргээд ингээд өөрсөд дээр нь ял тохогдож байгаа байхгүй юу. Өөртөө зээл авсан юмнууд байгаа байх. Хэн нэгэн хээл, хахууль янз бүрийн илүү дутуу ашиг хонжоо явсан юм байхгүй болов уу гэж харж байгаа юм. Тэгээд нэг уймраа хүн аваачаад тавьчихсан. Үнэн, худал нь мэдэгдэхгүй жаал юм ярьдаг, хөөрдөг. Одоо ч гэсэн янз янзаар будлиад явж байгаа юм байна лээ. Үүнээс чинь болоод тэр нэг жижиг хүний алдаа чинь бүр том болж бид нар дээр орж ирж байна шүү дээ. Түрүүлж алхахгүй бол бид нар араас нь дагаад явах юм бол энэ байдал засрахгүй л дээ. Лүндээ дарга сая нэг үг хэлчихлээ. Зургаан сар яаж тэсэх вэ гэж. Зургаан сарыг хүртэл яаж аятайхан байх вэ” гэснээр түүний үг дуусав.
Үргэлжлэл бий…