АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотод шөнө дундад гэмгүй эмэгтэйг унталгын өрөөнийхөө цонхоор шагайхад нь буудаж хороосон цагдааг хүн амины гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж, ажлаас нь халж баривчилсан байна.
Бүсгүй дүүтэйгээ видео тоглоом тоглож байгаад гадаа гарсан чимээнээр цонхоор харахад цагдаа хулгайчтай андуурч буудсан юм. Алдаа гаргасан цагдаагийн ажилтныг Аарон Дин гэдэг бөгөөд Таррантын хорих газарт саатуулсныг албаны эх сурвалж мэдээлжээ. Хэрэг гарсны дараа цагдаад ямар нэгэн хариуцлага тооцоогүй байсан ч шударга бусаар амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн гомдол гаргаж, холбооны мөрдөгчдийг хэргийг шалгахыг хүссэн байна.
АНУ-д африк гаралтай өнгөт арьстнууд цагаан арьст цагдаагийн ажилтнуудтай үл ойлголцох нь хэзээнээсээ анхаарал татсан, эмзэг сэдэв байсаар ирсэн юм.
Хохирогч бүсгүй 28 настай өнгөт арьст Ататиана Жеферсоны хөрш урд хаалга нь онгорхой байхыг хараад цагдаагийн газарт дуудлага өгчээ. Дуудлага яаралтай биш байсан ч офицер Аарон Дин шөнийн 02 цаг 30 минутад байшингийн гадаа ирсэн байна. Цонхоор харсан бүсгүйг буудаж буй бичлэг цагдаагийн камерт бичигдсэн юм.
Амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн түүнийг буудуулах үед найман настай дүүгээ харж үлдэж, ээж нь эмнэлэгт хэвтсэн байсныг ярьсан байна. Мөн гэр бүлийн өмгөөлөгчийн үзэж байгаагаар уг хэргийг Форт Ворт хотын цагдаагийн газраас тусдаа өөр байгууллага шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
Тус хотод лаа барьсан жагсагчид хохирогчид эмгэнэл илэрхийлэхийн сацуу, хэргийг шударгаар шүүхийг уриалан жагсаалд нэгджээ. Уг хэрэг гарахаас хоёр долоо хоног гаруйн өмнө цагаан арьст цагдаа гэртээ мөхөөлдөс идэж байсан өнгөт арьст иргэнийг буудаж хөнөөсөн хэргийнхээ шийтгэлийг авч, хорих ял сонссон юм.
Эх сурвалж: www.bbc.com