ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин араб хэл дээр мэдээллээ бэлтгэдэг “RT Arabic”, “Sky News Arabia”, “Al Arabiya”-гийн ахлах редакторуудыг хүлээн авч уулзан, ярилцлага өгчээ. Тэрбээр Ойрхи Дорнодод баримталж буй ОХУ-ын бодлого, Кремль, Вашингтоны харилцааны талаар голчлон ярьсан байна.
-“Sky News Arabia”-Бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцах боломж олгосонд баярлалаа. Таны Ойрхи Дорнодын орнуудад хийх айлчлал Булангийн орнууд болон ОХУ-ын харилцаанд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. ОХУ, АНЭУ-ын стратегийн хамтын ажиллагааны талаар ямар байр суурьтай байна?
-Кремль АНЭУ-ыг стратегийн чухал түншийнхээ нэгд тооцдог. Булангийн орнуудын ОХУ-тай хийж буй худалдаа 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй нь хангалтгүй байгаа. Тиймээс Кремлиэс Булангийн орнуудтай хийх худалдаагаа өсгөхөд сүүлийн үед анхаарах болоод буй. АНЭУ-тай долоон тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хоёр тэрбум ам.долларын төсөл хэдийнэ эхэлчихсэн. АНЭУ бүс нутгийн хямралыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа манай хоёр улс бүс нутагт тогтвортой байдал тогтооход хамтран ажилладаг.
-“RT Arabic”-Ойрхи Дорнодод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэлээд өөрчлөлт гарч, Ирак, Ливи Улсын нөхцөл байдал хурцадлаа. Үүнээс үүдэж ажиглагчид “ОХУ яагаад Сирийн асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн атлаа Ирак, Ливийг тоохгүй байв” гэдэгт хариулт авахыг хүсэж байгаа болов уу?
-Ирак, Ливийн хямралын үед би Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байгаагүй. Тухайн үед би Ерөнхийлөгч байсан бол ямар ч түрэмгийллийг дэмжихгүй байсан. Франц, ХБНГУ, ОХУ Ирактай холбоотой АНУ-ын төлөвлөгөөг дэмжээгүй. Иракийн эсрэг цэргийн ажиллагааг удирдаж байсан хүмүүс үүсэж болох эрсдлийг тооцож үзээгүй нь үр дүнгээс илт харагддаг. Тухайлбал, Саддам Хуссейны арми, хамгаалалтын албаны хуучин офицерууд дахин нэгдэж, “Исламын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулаад байна. Сирийн тухайд манай улс хууль ёсны Засгийн газрыг дэмжиж байгаа. Хууль ёсны Засгийн газар шүү дээ. Үүнээс гадна дотоод улс төрийн зөрчилдөөнийг зөвхөн улс төрийн аргаар шийдэх нь зөв гэсэн зарчим баримталж байгаа юм.
-“RT Arabic”-Персийн булангийн асуудал сүүлийн үед нэлээд хурцдаад байна. Тухайлбал, газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг саатуулах, Саудын Арабын “Арамко” газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан халдлага, Йеменийг тойрсон асуудлуудыг нэрлэж болох юм. Эдгээр нь “ОПЕК +”-ийн хэлэлцээрт нөлөөлөх үү?
- “ОПЕК +”-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа тусдаа асуудал. Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал мөн л өөр зүйл. Саудын Арабын газрын тосны үйлдвэрт халдсанаар “ОПЕК”-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хэлэлцээрт нөлөөлнө гэж бодож байвал андуурч байна гэдгийг онцолмоор байна. Харин ч газрын тосны зах зээлийг тогтворжуулахын тулд бид илүү нягт хамтран ажиллана.
-“Al Arabiya”- Саудын Арабын газрын тосны үйлдвэрт гарсан халдлагын ард Иран байгаа гэдэгт олон орон эргэлзэхгүй байна. Та саяхан Ираны Ерөнхийлөгч Роуханитай уулзсан. Тэр Саудын Арабын газрын тосны үйлдвэрийн халдлага Тегераны хийсэн хэрэг биш гэж таньд итгүүлж чадав уу?
-Тийм ээ. Тэр энэ асуудал Ирантай ямар ч холбоогүй хэмээсэн. Бид Евразийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзсан юм. Ираны хувьд Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа.
-“Al Arabiya”-Персийн булангийн орнуудад ажилладаг танай тагнуулын албаныхан газрын тосны байгууламжид юу болохыг урьдчилан мэдээгүй гэж үү. Үнэхээр мэдээгүй байх боломжтой юу?
-Газрын тос боловсруулах үйлдвэрт халдлага гарсны дараа би Гадаад тагнуулын алба, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнуудаа дуудаж уулзсан. Тэд үнэхээр юу ч мэдээгүй байсан. Ерөнхийдөө бидэнд ямар ч мэдээлэл байгаагүй.
-“Sky News Arabia”-Та Сирийн улс төрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ. Кремль ирээдүйд Сирийн улс төрд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Энэ асуултын хариултыг сиричүүд л мэдэх байх. Сири бол олон шашинтны эх орон. Тиймээс Үндсэн хуулиараа ард иргэдийнхээ эрхийг хамгаалах хэрэгтэй болов уу. Сүүлийн үед эх орон руугаа буцах сиричүүдийн тоо нэмэгдэх болсон. Энэ нь сиричүүд Засгийн газартаа болон ОХУ-ын цэргүүдэд итгэж буйн илрэл гэж бодож байна.
-“RT Arabic”-Сири болон Булангийн орнуудыг түр орхиё. ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулахгүй бол хоёр улсын таарамжгүй байдал дэлхий дахинд сөргөөр нөлөөлж магадгүй талаар та байнга ярьдаг. Ерөнхийлөгч Трамп гаргасан шийдвэр, баримталж буй бодлогоо ихэнхдээ твиттерээрээ зарладаг. Түүний сүүлийн үеийн жиргээнээс харахад хоёр улсын харилцааг сайжруулах найдлага байна уу?
-Надад твиттер хаяг байхгүй. Тиймээс би хэнийг ч дагадаггүй. Мэдээж, АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэр дэлхий дахинд ч чухал нөлөөтэй ч заавал дагаж, мөрдөх албагүй шүү дээ.
-“RT Arabic”-Ерөнхийлөгч Трамп ирэх жил дахин сонгогдвол Вашингтон, Москвагийн хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаах дорвитой шийдвэр гаргах болов уу?
- Та “Russia Today”-т ажилладаг байх аа. Хэрэв Трамп дахин сонгогдвол тань шиг хүмүүс ОХУ-ыг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн дахиад л буруутгах байх. Ерөнхийлөгч Трамп ОХУ, АНУ-ын харилцааны талаар ямар байр суурьтай байдгийг бид бүгдээрээ мэднэ. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хоёр улсын харилцааг цэгцлэнэ хэмээж байсан ч өнөөг хүртэл юу ч хийсэнгүй. АНУ-ын улс төрийн дотоод асуудал хоёр улсын харилцааг сайжруулахад хамгийн их саад болж байна. Юутай ч бид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа.
-“Al Arabiya”-Дэлхийн улс орнууд сүүлийн үед зэвсэглэлд ихээхэн ач холбогдол өгөх боллоо. Энэ нь дахин нэг Хүйтэн дайны болзошгүй эрсдэл дагуулж болох юм?
-Ийм зүйл болохгүй байгаасай гэж хүсэж байна. Хэрэв үнэхээр Хүйтэн дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ байх болно. Учир нь бид дэвшилтэт шинэ технологийн зэвсгээр хангагдсан. Цэргийн салбарт зарцуулж буй зардал зэвсэглэлийн асуудалтай шууд холбогддог. ОХУ-ын хувьд батлан хамгаалахын салбартаа зарцуулж буй зардлаараа дэлхийд долдугаарт бичигдэж байгаа. Гэхдээ нөгөө талаас улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөнө гэдэг огт сайн зүйл биш.
-“Sky News Arabia”-Бид арабчуудын дунд “Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзвал юу асуух вэ” гэсэн санал асуулга явуулсан юм. Арабчуудын олонх нь “Таны залгамжлагч хэн байх вэ. Таныг Ерөнхийлөгчөөс албан тушаалаа өгсний дараа ОХУ, Саудын Арабын хамтын ажиллагаа хэрхэх вэ” гэдэг асуултад хариулт авахыг хүссэн?
-ОХУ Саудын Арабтай харилцах харилцаагаа цаашид улам хөгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эх сурвалж:
https://www.rt.com/russia/official-word/470833-putin-arabic-media-interview/
http://en.kremlin.ru/events/president/news/61792
Ц.Даваасамбуу