Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын өнөөдрийн чуулганы индрээс 2019 оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн хамгийн шүүмжлэлтэй хандсан асуудал бол гишүүн бүрийн тойрогт 5-10 тэрбум төгрөг төсөвлөж өгч, Сангийн сайд өөрийн тойрогтоо 52.8 тэрбум төсөвлөсөн гэдэг асуудал юм. Тэрээр энэ тухайд “Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл” хэмээн эрс буруушаалаа.
2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнд 1 сая төгрөг хуваарилан өгснөөс хойш “гишүүний” гэгдэх мөнгө олгогдож эхэлсэн. Энэ 1 сая төгрөг яв явсаар өдгөө 1 тэрбум төгрөг болсон ба бүр зүсээ хувилган төсөл, хөтөлбөр болон өргөжиж байгаа. Тодорхой хэлбэл, олны хэл амнаас дайжуулж шууд 1 тэрбум төгрөг өгөхгүй, харин бариад ирсэн төсөл, хөтөлбөр, барилга, байгууламж барих хөрөнгийг нь шийдэж өгч 1 тэрбумыг далдуур тарааж байгаа нь тодорхой болсон. Энэ тухайд Монгол улсын Ерөнхийлөгч
-Гишүүдийн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ. УИХ-ын гишүүн Ч.Улааны хэлснээр шинээр эхлүүлэхээр төсөвлөсөн 570 барилгын 66 хувь нь буюу 375 барилга огт зураг, төсөвгүй байгаа нь төсвийн тухай хуулийн 29.4-ийг зөрчиж байна. Хөдөө орон нутагт баригдах нэг объектын жишиг өртөг ойролцоогоор 1 тэрбум гэж багаар тооцоход дор хаяж 400 тэрбум төгрөг хэмнэж болохоор байна. Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна хэмээлээ.
2012-2016 онд Засгийн эрх барьж байсан Ардчилсан нам 16 их наяд 612 тэрбум төгрөгийн өртэй Засгийн газрыг Монгол ардын намд хүлээлгэн өгч байсан бол өдгөө энэ өр 21.1 их наяд төгрөгт хүрснийг Ерөнхийлөгч санууллаа. “Өр нэмж тавихгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид “Мазаалай” бонд 500 сая ам.доллар, “Хуралдай” бонд 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондоор 800 сая ам.доллар зээлчихээд байна” гэж мэдэгдлээ. Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газар бондын өрийг бонд зээлэн дарж байгаа. Үүнийг Ерөнхийлөгч “Өр дарагдсангүй, эсрэгээр нэмэгдчихээд байхад “өр дарлаа” гэж яриад байгаагийн учрыг ойлгохгүй байна” гэж зэмлэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд саяхан нээсэн намрын чуулган дээр төсөв хэмнэх бодит шаардлага байгааг цохон тэмдэглэсэн. Ерөнхийлөгч ч түүнтэй санал нэг байна. Иймээс “УИХ-ын даргын санал болгосон 10 хувийн хэмнэлтээс цалин тэтгэврийн нэмэлтийг хасаад бараг 1 их наяд, зураг төсөвгүй объектыг төсвийн төслөөс хассанаар бараг 400 тэрбум, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэх боломжтой байна” гэж хэллээ.
Ерөнхийлөгчийн багийнхан АТГ-ын удирдлагыг өөрчлөх, тэдэнтэй хариуцлага тооцох талаар олонтаа ярьж, бичиж байгаа. Өнөөдөр чуулган дээр үг хэлэхдээ ч энэ талаар дуугүй өнгөрсөнгүй.
-2019 онд төсөв нь нэмэгдээгүй байгууллага бараг үлдсэнгүй. Авдаг төсөв цалин нь хийдэг ажилдаа жулдаад байгаа нэг байгууллага байна. АТГ-ын урсгал зардалд 12 тэрбум 804.4 сая төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшороос мөнгө оруулж ирэх, 60 тэрбумын хэргийг шийдэх, үндэслэлгүйгээр баяжсан төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж төсвийн орлогод хувь нэмэр оруулах ажлаа хийхийн оронд сургуулийн захиралтай л тэмцэж сууна. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу? гэж УИХ-ын гишүүдээс асуулаа. Эцэст нь,
-Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд 20 хувиар хэмнэнэ гэдэгт би итгэж байна гээд өнөө орой Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлаж байна гэлээ.
18 цагт хуралдах Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал ширүүхэн болох төлөвтэй.