БНСУ-ын шилдэг К-рор одуудын нэг Сулли 25 насандаа таалал төгссөнийг албаны эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг нас барсан байдалтай гэрээс нь олсон байна.
Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр Суллигийн менежер ням гарагийн орой түүнтэй утсаар ярьж, даваа гарагт дахин холбоо тогтоож чадахгүй байсан тул шалгахаар өдөр гэрт нь ирэхэд гэрийнхээ хоёр давхарт амиа алдсан байдалтай олджээ. Цагдаа нарын урьдчилсан таамгаар амиа егүүтгэсэн байж болзошгүй харагдаж байгаа ч хэргийн мөрдөн шалгах ажлыг бүрэн бүрэлдэхүүнээр, нээлттэй явуулахаа мэдэгдсэн байна.
Суллигийн жинхэнэ нэрийг Чой Жин Ри гэдэг байсан ба хүүхэд наснаасаа жүжиглэж, 2009 онд охидын f(x) хамтлагт нэгджээ. Тэрээр 2015 онд хамтлагаас гарч “Goblin” цомгоо гарган, ганцаарчилсан уран бүтээлдээ шаргуу орсон юм. Гэвч түүний талаар цахим орчинд таагүй, сөрөг сэтгэгдэл гарах болсонтой холбогдуулан түр хугацаанд завсарлаад байжээ.
Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн алдартнууд, f(x) охидын хамтлагийн гишүүд түүнийг өөрийнхөөрөө амьдарч чадсан чөлөөт сэтгэлгээтэй уран бүтээлч байсан хэмээн үнэлж, эмгэнэл илэрхийлж байна.
Сулли хөхөвчгүй явахыг илүүд үзэх болж, зураг нь олон нийтэд тархснаар шүтэн бишрэгчдийнх нь дунд маргаан гарч, санал зөрөлдөх болсон юм. 2016 онд хөхөвчгүй зургаа нийтэлсэн нь маргаан дагуулж байсан бол өнгөрсөн сард санамсаргүй байдлаар Инстаграмын шууд дамжуулалтын үеэр хөх нь ил гарснаар дахин олон нийтийн шүүмжлэлд өртсөн билээ.
К-рор од Суллигийн найз Жон Хюн хоёр жилийн өмнө 27 насандаа амиа егүүтгэж байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com