Япон улсад бараг 500 жилийн өмнө өнгөт арьстай өвөрмөц нэгэн эр Африкаас иржээ. Нийтлэг ази царайнаас тэс өндөө төрхтэй тэрбээр гадаадаас ирсэн анхны самурай дайчин болсон бөгөөд Холливудын хоёр ч бүтээл уг түүхээс сэдвэлэсэн байдаг юм.
Ясүкэ гэж хэн бэ?
Ода Нобунагагийн үед буюу 16 дугаар зууны Япон оронд самурай цолонд хүрсэн хүн бол Ясүкэ. Тэр 1579 онд хамгийн анх Киото хотод иржээ. Түүнийг харсан хүн бүр гайхаж байсан тухай түүхч Лоуренс Винклер бичсэн байдаг. Жилийн дотор Японы тулаанчдын дээд ангилал буюу самурайн зэрэгт хүрсэн нь улам бүр гайхшруулжээ.
Ясүкэ 1,88 метр өндөр, арьс нь яг л нүүрс шиг харагдаж байсны дээр япон хэлээр түгдрэлгүй сайн ярьж байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. 1900-ээд оны үед япон эрчүүдийн дундаж өндөр 157 см байсан бөгөөд 16 дугаар зууны үед тэр ихэнх япончуудаас хавь илүү өндөр байсан нь гарцаагүй.
Африкийн нууцлаг орноос ирсэн тулаанчийн төрсөн өдөр, газрын талаар тэмдэглэл байдаггүй. Түүхчдийн дийлэнх нь түүнийг Мозамбикаас гаралтай гэдэг бол зарим нь Этиоп, Нигери улсуудаас ирсэн гэж үздэг. Анх Японы арал дээр буухдаа итали хүнтэй цуг ирсэн гэж бичсэн байдгаас харахад боол байсан байж магадгүй гэсэн таамгийг судлаачид дэвшүүлэх нь бий.
Гэвч тулааны суурь мэдлэг, арга ухаангүй хүн жилийн дотор самурай болох нь бараг боломжгүй зүйл юм. Япон самурайнууд ихэвчлэн хүүхэд байхаасаа хичээллэж эхэлдэг аж.
Самурайн замнал
Ясүкэгийн Японд ирээд танилцаж дотно нөхөрлөсөн хүн бол дайны баатар гэгддэг Ода Нобугана юм. Тэр Африкийн орнууд, Энэтхэгийн талаар сонин хачин түүхүүдийг Нобуганад ярьж өгдөг байжээ.
Франц гаралтай Зааны ясан эргийн зохиолч Серж Биле дайчдын тухай номдоо “африк самурайн эргэн тойронд хэд хэдэн нууцлаг зүйл байдаг нь миний сонирхлыг татсан” хэмээн бичсэн байна. Африк тулаанч, Японы дайны баатар хоёрт ижил төстэй зүйл их байсан бололтой.
Нобугана бол тулааны урлагийн агуу шүтэн бишрэгч төдийгүй маш их цагийг бэлтгэл сургуулилалтад зарцуулдаг байсан. Тэр ихэвчлэн барууны хувцсаар гангарч явдаг этгээд хачин хүн байжээ. Харин Ясүкэ төрөлхийн дайчин, тулаанч хүн юм. Тэр Японы хэл соёлыг түвэггүй ойлгож, бүжигт дуртай нэгэн байсан хэмээн түүхчид бичдэг.
Тиймээс л Нобуганад хүч чадал, бие бялдар нь таалагдаж өнгөт арьст этгээд хүнийг гэр бүлийнхээ гишүүн мэт дотночлон үзсэн бололтой.
Японд төрөөгүй, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх, хачин этгээд өнгө зүстэй харийн хүн үндэсний тулааны урлагийн дээд зэрэг самурай цолонд хүрнэ гэхэд япончууд төдийгүй гадныханд тааламжгүй санагдаж байсан нь гарцаагүй. Нобугана түүнийг самурай цол хэргэмээр шагнахаар болж, хэд хэдэн чухал тулааны гэрч болсон юм.
Японы тулааны баатар Нобуганагийн эсрэг генералуудынх нь нэг Акечи Мицухидэ босч ордныг нь галдан шатаах үед Нобугана самурайн ёсоор амиа егүүтгэхэд дэргэд нь Ясүкэ байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Үхэхээсээ өмнө африк самурайгаас толгойг нь тасдаж аван, илдийг нь хүүдээ дамжуулан өгөхийг хүссэн гэж түүхч Томас Локлей бичсэн байна. Энэ бол маш чухал итгэл хүлээлгэсэн явдал юм.
1582 онд болсон уг үйл явдлаас хойш Ясүкэгийн домог дуусч анхны өнгөт арьст самурайг цөллөгт явуулжээ. Түүний амьдралын сүүлчийн он жилүүд, хувь тавилан хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй үлджээ.
Эх сурвалж: www.bbc.com