УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэ гурав дахь өдөр Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх асуудлыг талаарх мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:
Энэ гурав дахь өдөр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гурван гишүүний асуудал болон УИХ-ын чуулганы дэгийг зөрчсөн гэх хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. “Бид уучлахгүй” гэх хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь хэт өссөн гурван гишүүний хөрөнгө орлогыг шалгаж өгөөч гэх шаардлагыг ирүүлсний дагуу уг асуудлыг хурлаар хэлэлцэхээр болсон. Хөрөнгө орлого нь огцом өссөн үндэслэл тайлбараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар хороонд ирүүлсэн байгаа. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс ирүүлсэн шаардлагын дагуу дээрх гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжгүй гэдгээ хууль хяналтын байгууллагынхан хэлсэн.
Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нар чуулганы үеэр дэг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийг хэлэлцэнэ. Ер нь бол УИХ-ын Ёс зүйн хорооны есөн гишүүн маань бусдадаа үлгэр дууриалтай байх ёстой. Хуралдаа хоцрохгүй ирдэг, хурал тасалдаггүй байх, хурлын дэгээ чанд мөрддөг, хөрөнгө орлогын асуудалгүй байж УИХ-д төдийгүй төрийн албанд ажилладаг бүх хүнд үлгэр дууриал үзүүлэх ёстой юм. Би Ёс зүйн дэд хорооны даргын албан тушаалыг өнгөрсөн долдугаар сард авсан. Тэрнээс өмнө хариуцаж байсан С.Бямбацогт Ёс зүйн хорооны хурлаа хийх гээд чадаагүй юм билээ. Өмнө ЖДҮДС-тай холбоотой асуудлаар хуралдах гэсэн боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаж чадаагүй юм билээ.